Агаарын бохирдлын 10 хувийг автотээврийн хэрэгслээс ялгарч буй утаа эзэлдэг талаарх судалгаа бий. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор автотээврийн хэрэгслээс ялгарах утааг багасгахаар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнгөрсөн нэгдүгээр сард тушаал гарган ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд холбогдох албаныхан агаарын автотээврийн хэрэгслээс ялгарч буй агаарын бохирдолтой тэмцэх ажлыг судлан санал боловсруулж, дүгнэлт гаргахаар ажиллаж байна.
Тухайлбал, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн шалган бүртгэх товчооны дэргэд RSD (Remote Sensing Device) буюу зайнаас мэдрэх төхөөрөмж суурилуулжан хэмжилт хийж эхлээд байна. Энэ нь тус товчоогоор өнгөрөх бүх тээврийн хэрэгслийн утааны ялгарлыг гэрлийн шингээлтийн аргаар зайнаас тодорхойлох юм. Зам, тээврийн хөгжлийн яам болон БОНХАЖЯ-наас ирүүлсэн хүсэлтийн дагуу Японы Олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагаас тус судалгааны ажлыг энэ сарын 17-ны өдрөөс туршилт судалгааны ажлыг эхлүүлээд байна.
Энэхүү багаж нь автомашин дамжин өнгөрөхөд тухайн тээврийн хэрэгслийн марк, хийн үзүүлэлт, тухайн агшин дахь агууламжийг тооцож гаргадаг. Хурд, дамжин өнгөрөх агшин зуурын хурд, нүүрс ус төрөгч, тоос зэрэг бүхий л үзүүлэлтийг гаргах боломжтой бөгөөд тээврийн хэрэгслийн утааны ялгаралд тавигдах стандартад нийцэж буй эсэхийг энэхүү багажаар тодорхойлох юм.
Тээврийн хэрэгслийн утааны ялгарлыг тодорхойлохын тулд тухайн тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвд аваачиж, утааны хэмжилт хийж шалгах нь цаг хугацаа их шаарддаг тул энэхүү туршилтын үйл ажиллагааны үр дүнг гармагц шат дараатайгаар үргэжлүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна