АН Р.Амаржаргалдаа итгэвэл, ард түмэн түүнийг Ерөнхийлөгчид дэмжинэ

2017/04/27
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ баруун аймгуудын иргэдтэй хийсэн уулзалтынхаа үеэр “АН нийт гишүүдийнхээ саналаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах болно” гэдгээ дахин мэдэгдсэн байна. Юутай ч, “Ардчилсан нам хөшигний ардах далд тохиролцоогоор 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг  тодруулна” гэх мэдээлэл цацагдаад байсан нь дээрх мэдэгдлээр үгүйсгэгдлээ.

Хэсэг бусаг хүмүүсийн ашиг сонирхлоор бус нийт гишүүдээсээ санал авах ардчилсан зарчмаар нэр дэвшигчээ тодруулна гэдэг бол хамгийн зөв хувилбар. Энэ тохиолдолд Ардчилсан намын гишүүд шударга дүртэй шударга бус нэгнийг бус ядаж л нэр цэвэр, улстөрийн зөв имижтэй нэгнийг олонхиороо дэмжээд гаргаад ирчих магадлал өндөр. Ардчилсан намын олон мянган гишүүд ч үүнийг хүсэж байгаа. 

Эдийн засгийг чадвахижуулж, мэргэжлийн Засгийн газар байгуулна гэх амлалтаасаа ухарсан МАН-д өнөөдрийн байдлаар олон нийт итгэл алдраад байгаа нь худлаа биш. 

Өөрөөр хэлбэл, иргэдээ татвараар дарамталж, хүүхэд, хөгшчүүлээ нүд үзүүрлэн ялгаварлаж, өр тавьж өрийг өрөөр дарснаа гавьяа байгуулсан мэтээр гайхуулан ярих  эрх баригч намаас нэр дэвшсэн хэнбугай ч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах боломж нь хомсхон. 

Энэ мэт нөхцөл байдал дунд Ардчилсан нам хэнийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх вэ гэдэг асуулт хамгийн анхаарал татсан сэдвүүдийн нэг яах аргагүй мөн. Учир нь АН зөв нүүдэл хийж, зөв хүнээ нэр дэвшүүлэх аваас ялалт тэдний талд гэдгийг улстөр судлаачид онцолж байгаа юм. 

Харин фракц хоорондын зөрчил, улстөрийн далд тохироо, наймаанаасаа өндийж чадалгүй буруу хүнээ нэр дэвшүүлэх аваас ялалдал бас тэднийг хүлээж байгаа гэдгийг хэвлэлээр бичих болсон нь санамсаргүй хэрэг биш болов уу.

Тэгвэл Ардчилсан намд ялалт авчирч, Ардчилсан Ерөнхийлөгчийн буухиаг үргэжлүүлэх улстөрч хэн бэ. Ерөнхийлөгчийн сонгуулийг шоронгоос зугтаах халхавч, нөмөр нөөлөг хэмээн эндүүрч яваа Н.Алтанхуяг, Х.Баттулга, Э.Бат-Үүл нар уу? Эсхүл улстөрийн намуудыг устгаж, ганц хүний буюу дарангуйллыг дахин сэргээнэ хэмээн ярьж яваа экс Хууль зүйн сайд Д.Дорлигжав уу? 

Эдгээр улстөрчдийн тухайд өнгөрсөн дөрвөн жилд засгийн эрх барих хугацаандаа хөнжил дотроо хөлөө жийлцэж, талцал бутрал гэж юу байдгийг монголчуудад хангалттай сайн харуулж чадсан “гавьяатай” улсууд. Энэ үүднээс нь харвал монголчууд тэдэнд дахин итгэх нь юу л бол.

Тэгвэл АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдээд буй эрхмүүдээс хамгийн боломжит улстөрчдөөр энэ цаг үед иргэд Р.Амаржаргал, Л.Болд нарыг нэрлэж байгаа аж.

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөсөй гэж олон түмэн хүсч хүлээж байгаа хүмүүс мэр сэр байна. Тэдний нэгд Ерөнхий сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Р.Амаржаргал зүй ёсоор орно. Улс төр, эдийн засгийн хувьд маш туршлагатай, тулхтай хүн. 1990- оноос хойш хамтарч ажилласан учраас би түүнийг сайн мэднэ. Ер нь нуруутай улстөрч учраас би түүнийг дэмжиж байгаа” хэмээн Р.Амаржаргалыг дэмжиж байгаа гэдгээ онцолсон байна билээ.

Д.Бямбасүрэн гуайн үг оргүй хоосон магтаал биш гэдгийг сүүлийн үед явуулж буй томоохон судалгааны байгууллагуудын “Дараагийн Ерөнхийлөгчид Р.Амаржаргалыг дэмжих сонирхолтой байна” гэсэн иргэдийн хариултаас харж болох юм. Тус намын олон мянган шударга гишүүд ч бас ийм бодолтой байгаа юм билээ. 

Энэ мэт өнцгөөс харвал, Ардчилсан нам нэр цэвэр, тууштай, тулхтай Р.Амаржаргал шиг хүндээ итгэх аваас ард түмэн ч бас хариу итгэл үзүүлэн түүнийг Ерөнхийлөгчөөр сонгоод гаргаад ирэх магадлал өндөр харагдаж байна.
Р.УламОргих



Боловсрол

"Мэдлэг бол хүч" хэмээн хэлэх дуртай тэрээр Улаанбаатар,Москва, эргээд Улаанбаатарт суралцаж, 1978 онд Нийслэлийн 10 жилийн 14-р дундсургууль-ийг төгсөж, мөн ондоо Москва хотын Плехановын нэрэмжит Улс Ардын Аж Ахуйн Дээд сургуульд элссэн оржээ. 1982 онд тус сургуулиа эдийн засагч мэргэжилээр төгссөн.

Маастрихтын менежментийн Олон улсын Институтийн Удирдах албан тушаалтанд зориулсан тусгай сургалтыг 1992 онд Нидерландад, Канадын Баруун Онтариогийн Их сургуулийн Удирдлагын тусгай сургалтыг 1993 онд Улаанбаатарт тус тус дүүргэсэн.

Амаржаргал нь Британийн зөвлөлөөс олгодог Чевингийн тэтгэлэгээр Брэд Фордын их сургуульд 1994 оноос 1995 оны 2 жилийн хугацаанд макро эдийн засгийн бодлого, төлөвлөлтөөр судалгаа хийж шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалжээ.

Эрдмийн зэргийн судалгааны ажилдаа Монгол улсад эдийн засгийн шинэчлэл эхэлснээс хойшхи дөрвөн жилийн үйл явцыг дүгнэн шинжилсэн нь улс орны хөгжлийн стратегийг тодорхойлоход эдүүгээ ч ач холбогдолтой байгаа билээ.

УИХ-ын гишүүн

Монгол Улсын Их Хуралд ардчилсан хүчин олонхи болж чадсан 1996 оны сонгуулиар МҮАН, МСДН -ын Ардчилсан Холбоо эвсэлээс нэр дэвшин Р.Амаржаргал УИХ-ын гишүүн болсон юм. 2004 онд сонгуулийн 64-р тойрогт бие даан нэр дэвшиж 2 дахь удаагаа, 2008 онд Арчилсан намаас Ховд аймагт нэр дэвшин 3 дахь удаагаа, 2012 онд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж тус дүүргийн иргэдийн итгэлийг хүлээж УИХ-ын гишүүнээр 4 дэх удаагаа сонгогдон ажилласан. 2016 оны УИХ-ын сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдэд боломж олгох үүднээс өөрийн нэрийг сайн дураар татсан.

Монгол улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд

1998 оны Ц.Элбэгдоржийн Засгийн газарт гадаад хэргийн яамны сайдаар томилогдож, Монгол улсын хоёр талын хийгээд олон талын гадаад харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилтыг түлхүү анхааран ажилласан билээ.

Монгол улсын Ерөнхий сайд

Монгол улсын 21 дэх Ерөнхий сайд, ардчилсан засгийн газрын 5 дахь тэргүүнээр 1999 оны 7 сард Р.Амаржаргал 38 настайдаа томилогдсон.

Түүний эзэмшисэн мэргэжил мэдлэг, ажлын үр дүн, амьдралын туршлага нь хүнд хэцүү цаг үеийн Засгийн газрын тэргүүнээр томилогдон ажиллахад ач тусаа өгч, чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тухайн үед Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж, шинэ баг бүрдүүлэх боломж хийгээд эрх мэдэл түүнд байсан ч цаг хугацаа алдаж байснаас ажиллаж байсан хүмүүстээ итгэд өгөөд гар нийлж ажиллая гэсний эцэст тэд бүгд чадлынхаа хэрээр зүтгэсэн юм. Өгөгдсөн улс төрийн хугацаа богино хэдий ч Р.Амаржаргалын засгийн газар тухайн үеийн банк, санхүүгийн шинэтгэл, тэтгэврийн тогтолцоо, амьжиргааны доод түвшинг дээшлүүлэх талаар дорвитой ажил хийж чадсан төдийгүй, банк санхүүгийн салбарын шинэчлэлийн бодлогыг анх хэрэгжүүлсэн.
Монгол улсын эдийн засгийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, үндэсний хөгжлийн стратеги болон шинэ тогтолцоонд зохицсон улс төрийн институтциудын гүйцэтгэх үүргийн талаархи үзэл санааг төлөвшүүлэх, мэдээлэл холбооны шинэ технологийг өргөн ашиглах, илүү тод засаглал гэсэн зорилтыг Р.Амаржаргал өөрийн засгийн газрын танхимын тэргүүлэх зорилт хэмээн тодорхойлон ажилласан билээ.
Эх сурвалж: mn.wikipedia.org


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна