С.Молор-Эрдэнэ: Монголын түүхэнд Чойбалсан, Цэдэнбал нар шиг бүтээн босгосон удирдагч байсан уу

2017/07/03
Ерөнхийлөгчтэй байхын ашиг тус юундаа вэ?

Монголчуудын Ерөхийлөгчтэй болох гээд хоорондоо улайран байгаагийн оношлогоо юу вэ? Ерөнхийлөгч тийм их хэрэгтэй юу? Ерөнхийлөгчийн засаглалгүй оронд Ерөнхийлөгчийн ашиг тус юундаа вэ?

Францын хувьсгалын гурван уриа болох эрх чөлөө, тэгш эрх, эв нэгдэл анхны республик дэлхий дээр байгуулах түүхэн эхлэл болсон. Үүгээр хаант засаглалыг устгаж Ерөнхийлөгчийн засаглалын суурийг тавьсан түүхтэй. Дэлхий дээр өнөөдөр хаант, Ерөнхийлөгчийн болон парламентийн гэсэн гурван засаглал бийгээс Ар Монголд байгуулагдсан республик социализмын үеэс эхлэлтэй. Орос болон Хятад хоёр улсууд Монгол гэсэн улсыг зохион бүтээж хүлээн зөвшөөрч 1949 оноос дэлхийн түүхэнд анх удаа Монгол гэсэн улс бичигдэх болсон. 

Республикийг бүгд найрамдах гэж ерөнхийдөө буруу орчуулж иржээ. Угтаа бол иргэдийн засаглал гэсэн Ромоос гаралтай ухагдахуун.

Англи хаант засагтай. Орос, Америк, Франц гээд оронууд ерөнхийлөгчийн засаглалтай. Герман харин парламентийн засаглалтай. Гитлерээс хойш Германы төрийн бүтэц маш их төвөгтэй болж ерөнхийлөгчид нэг их үнэ өгөхөө больсон байх жишээтэй.

Монгол гэсэн улс Ерөнхийлөгч болон парламент хоёрын эрх мэдэл тодорхой бус тул яг Ерөнхийлөгчийн эсвэл парламентийн засаглалтай орон гэхэд хэцүү төвөгтэй байдаг. Ерөөсөө өнөөдөр төр, үндэстэн, улс , ард түмэн гэсэн ойлголтуудыг тодорхой болгох цаг нэгэнт иржээ.

Монгол Улс анхнаасаа хоёр хөрш дээрээ тулгуурлан бие даасан улс болтол маш ээдрээтэй замыг туулсан. Орчин үеийн орон болохын тулд ядаж нийтээрээ бичиг үсэг сурч уншиж чаддаг болох, мэргэжил гэдэгтэй анх танилцах, эмнэлэг, сургууль, хуулийн байгууллагууд, ялангуяа багш бэлтгэх нөр их бүтээн босголтыг хоёр хөршийн тусламжтайгаар богино хугацаанд амжуулж орчин үеийн орон болсон. 

Өнөөдөр тэр байгуулсан орчин үе устахад ойртжээ. Хаа л бол мухар сүсэг, сүм хийд, мэдлэггүй хүмүүсийн хийрхэл ноёрхож боловсролыг уландаа гишгэн үэнэгүйтүүлж байна даа. Боловсролтой Монголоос боловсролгүй Монгол руу шилжиж хаа холын юу ч бүтээгээгүй өвөг дээдэс ярьж миний Монголын газар нутгаас Бурхан гуйсан ч битгий өг гэж хоосон домогтож дурын капиталистад газараа зардагаа нуух юун. Улаанбаатар хотыг байтугай өнөөдөрийн Монгол улсын оршин буйд ямар ч үүрэг гавьяа байхгүй дэндүү холын Чингис гэж хааныг яасан ч их хөөргөх юм бэ дээ. Арай л зовмоор.

XXI зууны энэ хариуцлагатай цаг үед ялангуяа энд тэнд дайны гал асаж газрын тосны төлөө хүний амийг үй олноор устгасан шунал давамгайлсан эвгүй нөхцөл байдал дунд Монгол улс нэг Ерөнхийлөгчтэй болох гэж будилан уймран улайран нэр төр ёс суртахуунаа алдаж ичгэвтэр л байна даа.
 
Ерөнхийлөгч болох хүнд ямар шаардлага тавих вэ?

Хотгүй, нийгэмгүй, бичиг үсэггүй, иргэнгүй, суурин болж хамтдаа хөрш зэргэлдээ эв найрамдалтай, амар амгалан, энх тайван, эрх чөлөөтэй, тэгш эрхтэй, эв нэгдэлтэй явж үзээгүй ердөө XX зууны дундуур анх удаагаа хамтарч нийгэм болж чадсан Ар Монгол Ерөнхийлөгч болох хүнээ сонгох гэсэн хариуцлагатай цаг үед иржээ.

Иргэн гэсэн ойлголт цаашлаад төр гэж юу байдаг түүнтэй XX зуунд танилцсан олон Монголууд өнөөдөр Ерөнхийлөгч сонгох улстөрийн үйл ажиллагаанд оролцох гэж улайран, хуйлран бараг л ухаанаа алдаагүй биздээ гэмээр л ааш араншин зан авир гаргана.

Ерөнхийлөгч гэж хэн бэ? Тэр хүнд ямар шаардлага тавих вэ? “President” гэсэн нэрлэгээ Латин хэлээр хамгийн урд суух гэсэн Европоос гаралтай ойлголт ажээ. Энэ хамгийн урд суух ерөнхийлөгч хүн өнөөдөр Европ, Америк, Орос болон Хятад орнуудад засгийн газараа өөрчилж болох ерөнхий сайдыг хүртэл дураараа солих тийм их эрх мэдэлтэй.

Монголчууд “ерөнхийлөгч” гэсэн ойлголттой социализмын үед танилцаж гадаад орныхон Чойбалсан, Цэдэнбал нарыг Монголын ерөнхийлөгч гэж хүлээн авдаг байсан. Энэ хоёр ерөнхийлөгчийн үед Монгол улс байгуулагдаж дэлхийд хүлээн зөвшөрөгдөж бүхий л бүтээн байгуулалтууд явагдсан. Өнөөдөрийн Улаанбаатар хотоос авахуулаад Монгол орон даяар бүтээгдсэн хот суурин газарууд болон хөдөө аж ахуй, газар тариалан үйлдвэрийн газрууд социализмын үеэс л эхлэлтэй.

Монголын түүхэнд Чойбалсан, Цэдэнбал нар шиг бүтээн босгосон ганц ч удирдагч байсан уу. Ардчилалын үеийн ерөнхийлөгчидийн үед бүх бүтээн байгуулалт нуран унасан. Тэр нуран уналт сөнөөлтөөс болж Улаанбаатар хот тэр чигээрээ хотын бүтэцгүй болсон.

Богд хаанаас өмнөх хаадууд Чингисийн ураг гэсэн хүмүүс нэг ч хот байгуулж эрүүл мэнд боловсрол төр болон хуулийн анхны бүтэц үүсгэж чадсангүй. Номын сан шатааж явсан болохоос бүтээж явсангүй. 

Чингисийг болохоор Монголчуудыг нэгтгэсэн гэдэг ч Монголчуудыг нэгтгээд хот улс байгуулж ард түмнээ бичиг үсэгтэй болгож нийгэм байгуулж соён гэгээрэл урлаг гоо сайхан ёс суртахуун гээд ном бичиж оюунлаг хөдөлмөр хийж нийт Монголчуудыг орчин үеийн амьдралтай танилцах суурийг тавьсангүй. 

Монголчууд нэгдсэн гээд дайн хийж эх нутгаа орхин явцгаасан түүх л байдаг. Гэтэл Улаанбаатар хот Монголчуудыг анх удаагаа нэгтгэсэн. Тэгэхээр ард түмнийг хэн нэг хүн нэгтгэх биш харин хот суурин газар өөрөөр хэлбэл соёл нэгтгэдэг ажээ.

Социализмын үед л яах ч аргагүй бүх бүтээн байгуулалт явагдсан. Тэрийг нуун дарж Үндэсний түүхийн музейгээс гаргаж хаяад ч нэмэргүй. Дарж нуух бүр л улам тодрон гарч ирнэ. Тэр их бүтээн босголтыг Орос, Хятад хүмүүсээр зогсохгүй хамтран Зүүн Европын мэргэжилтэй юм үзэж нүд тайлсан хүмүүс ирж амжилттай явуулсан. Циркийн барилгаас авахуулаад Дархан болон Эрдэнэтийн үйлдвэрүүдийг Зүүн Европын орнууд ирж байгуулалцсан.

Социализмын үед баригдсан эмнэлгүүдээс авахуулаад Оросоос ирсэн эм тарианууд байхгүй байсан бол соёлт Монгол хүн өнөөдөр байхгүй байсан.

Мэдээж Ерөнхийлөгч болох хүнд хувийн зан чанар боловсрол оюуны тэнхээ гээд олон шаардлагуудыг тавих боломжтой. Түүнийг хүмүүс өөрсдөө мэдэж байгаа биздээ. Харин иргэн хүн гэдгээрээ энэ улсын цаашидийн хөгжил хийх ажил эдийн засгийн олон шийдвэрүүд гадаад оронд харуулах чадвар чадамж ёс суртахуун гээд олон шаардлагуудыг тавих хэрэгтэй санагдана.

20-р зууны дунд үеэс эхлэлтэй Монгол улс төр улсын туршлагагүй нийгэм болж боловсролтой танилцаад удаагүй ёс суртахуун сурган хүмүүжилтэй зөрчилдөөд удаагүй байгаа гэдэг ойлгомжтой. Түүхийн талаар ойлголтгүй үлгэр домогийг түүхтэй андуурч явсан болохоор өнгөрсөн цаг үеийн талаар ч гэсэн нэгэн ойлголт байтугай нэгэн сурах бичиг ч бичигдсэнгүй. 

Ерөөсөө өнөөдөр тэр л хаадууд гээд байгаа хүмүүс, удирдагч, агуу, суут, их хаан гэж нэрлэн шүтэн биширдэг хүмүүс болох Хүннү Сүннүгээсээ авахуулаад Чингис цаашлаад Богд хаанаасаа Элбэгдорж хүртэл энэ хүмүүсийн хэн тэгээд Улаанбаатар хотоос эхлүүлэн өнөөдөрийн орчин үеийн Монгол амьдралыг бүтээж цааш хөгжүүлж дэлхийд танигдах хот улстай болгож өгсөн бэ? Удирдагч нараа уралдуулах цаг болжээ. Тэр уралдаанд түрүүлсэн хүн л одоогийн ерөнхийлөгч болох хүнд тавих шаардлага болох ёстой болов уу.

Философич С.Молор-Эрдэнэ 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна