С.Молор-Эрдэнэ: Чингис хаан Улаанбаатар хотыг байгуулаагүй, Монгол улсыг ч бүтээн босгоогүй

2017/07/05
Шинээр Ерөнхийлөгч болох хүнд Монгол улсын удирдагч нараас хэн хамгийн сайн үлгэр дууриалал болох вэ?

Монголын удирдагч нарыг уралдуулахад хэн үлгэр жишээ удирдагч, жинхэнэ төрийн хүн байж чадсан бэ? Хэн гэж удирдагч энэ орчин үеийн амьдрал шинжлэх ухаан боловсрол урлаг соёлыг эхлүүлж чадсан бэ? Хэн гэж удирдагч нийслэл Улаанбаатар хотыг байгуулсан бэ? Хэн гэж удирдагч Монгол улсыг НҮБ-ийн гишүүн болгож анх удаа Монгол гэсэн улсыг үлгэр домогоор биш албан ёсоор дэлхийн түүхэнд оруулж чадсан бэ?

Монгол хүнд бодох юм их байна даа. Ухаанаа уралдуулах цаг иржээ.

Аливаа улс үүснэ гэдэг маш төвөгтэй хэцүү хөдөлмөр. Ард түмний эрүүл мэнд боловсрол хамгийн чухал хоёр салбар. Эмнэлэг, эм тарианаас авахуулаад эмч сувилагч хэрэгтэй. Эрүүл мэнд байж л иргэн болно. Түүний дараа иргэн бүр бичиг үсэгтэй болж уншиж бичиж чаддаг болох хэрэгтэй. Бичиг үсэгтэй болгохын тулд багш нар бэлтгэх хэрэгтэй. Тэд л улс орноор таран явцгааж боловсрлын үр тарина. Яагаад гэвэл бичиг үсгээр соёл үүснэ. Соёл үүсэж чадвал ёс суртахуун, эрх чөлөө, гоо сайхан цаашлаад урлаг үүсэх боломжтой.

Улаанбаатар хот байгуулагдсанаар олны дунд биеэ зөв авч явах шаардлагатай тулгарч нийгэм гэсэн цоо шинэ үзэгдэлтэй Монгол хүн 20-р зууны дунд үед л анх танилцсан. Нийгэм байхгүй гэвэл соёл урлаг ярих хэрэггүй.

Хот байгуулж соёлт амьдралыг бүтээн босгож чадсан дэлхийн том удирдагч нар дотор анхны том төрийн хүн бол Грекийн Солон гэж хүлээн зөвшөөрдөг. Солон одоогоос 2500 гаруй жилийн жилийн өмнө Афин хотод амьдарч байсан ба хамгийн түрүүнд зээлийн хүүнд баригдсан ард түмнээ өрийн хүүнээс салгаж байсан.

Грекийн Солон өнөөдөр демократи гэж ярьдаг ардчилал гэж орчуулдаг ард түмэнийг мартаж болохгүй төрийн үйл ажиллагаанд тэдний дуу хоолойг чухалчилж авч үзэх хэрэгтэй гэж хэлсэн хүн гэдэг. Ардчилал гэдэг хот сурин газар хэрэгтэй болохоос хөдөө биш.

Удирдагч гэдэг гэдэг эзэн хаан биш. Солон тухайн үеийн Грекийн баян ноёдуудын хэтэрхий их эрх мэдэл хөрөнгийг хязгаарласан. Яагаад ядуу хөрөнгөгүй иргэн хүн байх ёстой гэж эсэргүүцэн ард түмэндээ хөрөнгөжих боломж олгожээ.

2500 жилийн өмнө байтугай 800 жилийн өмнө Монголчуудад хот улс байгуулж ард түмэндээ дайн дажингүй амар амгалан амьдрал олгосон удирдагч байсангүй. Хүний хотоор хот хийж хүний ордноор ордон хийж явсан хаадууд нэртэй хүмүүсийн л сураг л байдаг.

Эх орныхоо хөгжил цэцэглэлтэд анхаарч түүний төлөө тэмцсэн тийм удирдагч байтугай ном бичдэг онолч хүн ч байсангүй. Дөнгөж 80 гаруй жилийн өмнө л хот байгуулж соёлт амьдралтай Монголын ард түмнийг хоёр хөршүүд танилцуулсан. Энэ үеэс эрх чөлөө гэж юу байдаг гэдгийг ойлгосон. Эрх чөлөө гэдэг хот газар л байдаг гэдгийг ухаарсан. Тиймээс өнөөдөр Улаанбаатар хот руу л ирэх дуртай.

Аливаа удирдагч хүнд дөрвөн шинж чанар байх ёстой гэдэг. Цэцэн мэргэн, шударга ёсыг эрхэмлэдэг, хатуужилтай, юмыг тааруулж чаддаг хэтрүүлдэггүй. Цэцэн мэргэн гэхээр мэдээж ном уншиж бичиж ухаан суусан. Шударга ёсыг эрхэмлэдэг гэхээр хүнийг хүндэтгэж байж хүнээс хүндэтгэл авах. Хатуужилтай гэсэн ойлголт даруухан байх бөгөөд чадахгүйгээ мэддэг өөрийнхөө хүчээр амжилтанд хүрэх тэсвэр хатуужилтай болохоос муу аргаар амжилтанд хүрэх тэсвэргүй биш. Юмыг тааруулж чаддаг гэхээр хэтрүүлдэггүй бас дутаадаггүй хоосон дүр гаргаж биш үнэн дүрээрээ байхыг хэлнэ.

Богд хаанаас өмнөх хаадууд нэртэй хүмүүс өнөөдөрийн Монгол улстай ямар ч хамаагүй ямар ч нөлөөгүй. Монгол улсын газар нутгийг өвөг дээдэс үлдээгээгүй харин Хиагтын гэрээгээр Ар Монголын газар нутгийг зөвшөөрсөн. Тиймээс өвөг дээдэс Монгол улсын бүтээн байгуулалт болон хөгжил дэвшилд ямар ч үүрэггүй нөлөөгүй бас ач холбогдолгүй.

Чингис хаан Улаанбаатар хотыг байгуулаагүй бас Монгол улсыг ч бүтээн босгоогүй. Тиймээс Сүхбаатарын талбай дээр Сүхбаатарын хөшөө байхаас биш Чингисийн хөшөө байна гэдэг ямар ч утгагүй ойлгомжгүй. Онгоцны буудалыг Чингис хааны буудал гэж нэрлэх үнэхээр гэнэн үйлдэл. Онгоцны буудалыг татварын мөнгөөр босгосон.

Нэгэнт Богд хаан шашины удирдагч Түвд орноос томилолтоор ирсэн тул Монгол улсын болон нийслэл Улаанбаатарын бүтээн босголтонд ямар ч үүрэг байхгүй.

Ингээд Д. Сүхбаатараас хойших өнөөдөр хүртэлх Монгол улсын удирдагч нарыг уралдуулж хэн өнөөдөр шинээр болох ерөнхийлөгчид үлгэр жишээ болох вэ гэсэн асуултанд хариулж нэг үгээр хэлэхэд ерөнхийлөгч болох шаардлага хангаж байна вэ гэсэн асуултанд хариулах тэр боломж гарах болов уу.

20-р зуунд анх удаагаа байгуулагдаж дэлхийн түүхэнд Монгол улс гэсэн биеэ дааж соёлт нийгэм байгулах чадвартай болоход хамгийн их нөлөөлж хөдөлмөрлөсөн удирдагч хэн бэ?

Хэн гэж удирдагч ном бичиж ард түмэндээ үлдээсэн бэ? Юуны тухай ном бичсэн бэ? Төрийн онолд хэн сайн байсан бэ? Хэн гэж удирдагч хамгийн их ёс суртахуунтай байсан бэ?

Жинхэнэ төрийн хүн гэдэг хөдөлмөрч, даруухан, оюуны тэнхээтэй, хувийн амьдрал хөөдөггүй, бусдад нээлттэй, ажлынхаа өрөөнд шөнө дөл хүртэл ажиллаж ном бичиж, зөвлөлгөө өгч, ирээдүйг төсөөлж маш их оюунлаг байхыг хэлнэ. Үлгэр жишээ удирдагчийг яагаад энд ярьж буй гэхээр тийм хүмүүс ард түмэндээ ажиллаж хөдөлмөрлөж бүтээхэд урам өгдөг.

Философич С.Молор-Эрдэнэ

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна