Барилддаггүй Ёкозүна Кисеносато бараг 1 сая долларын цалинтай

2018/11/28
Кюүшюү башёгийн эхний 4 өдөр унаад тэмцээнийг орхисон ёкозүна Кисэносато. Ёкозүна цол хүртсэнээс нь хойш 11 башё болоход 9-д нь зодоглосонгүй (дундаас гарсныг оролцуулаад). Эхний өдрөөс эцсийн өдөр хүртэл барилдсан нь өнгөрсөн жилийн Хаврын тэмцээн, энэ жилийн Намрын тэмцээн л байна.
Хэчнээн дохён дээр гарахгүй байгаа ч түүнд холбооноос цалин, урамшуулал өгсөөр байгаа. Кисэносатогийн ёкозүна болсноос хойших үзүүлэлт 36 ялалт, 32 ялагдал, 97 өнжсөн гэсэн аймшигтай дүнтэй. Ингэж их өнжсөн ёкозүна энэ хооронд ямар орлоготой ажилласан бэ гэдгийг авч үзье.


 
Ёкозүнагийн сарын цалин 2 сая 820 мянган иэн. 2017 оны 3-р сараас энэ сар хүртэлх 21 сарыг аваад үзэхэд 59 сая 220 мянган иэн цалинд авчээ. Ажил хийгээгүй байж атаархмаар сайхан юм.
Сүмогийн холбооноос башётой сар болгон бөхчүүдэд урамшуулын мөнгө өгдөг. Ёкозүна Кисэносато нэг башёд зодоглохдоо урамшуулалд 1 сая 238 мянган иэн авдаг. Гэхдээ энэ урамшуулын мөнгийг барилдсан өдөр, амжилт зэргийг харгалзан олгодог бөгөөд Кисэносато ёкозүна болсноосоо хойш 5 сая иэнийн урамшуулал авчээ.


 
Барилдааны өмнө дохён дээр ивээн тэтгэгчдийн туг гарч ирдэг билээ. Энэ нь тухайн барилдаанд хэн ялсан нь авдаг шагналын мөнгө юм. Туг болгоныг дугтуй дагалдах бөгөөд нэг дугтуйнд 60 мянган иэн байдаг ч ялсан бөх 30 мянгыг бэлнээр авдаг. Ёкозүна болоод барилдсан анхны башёдоо Кисэносато 13 давж, 424 дугтуй авсан гэхээр 12 сая 720 мянган шагналын мөнгө хармаандаа хийжээ. Ёкозүна цолтой 36 давсан гэхээр нийт шагналын мөнгө нь 35 сая иэн болж байгаа юм.
Ингээд бүгдийг нь нийлүүлээд үзэхэд 99 сая 220 мянган иэн буюу бараг 1 сая доллар болж байна. Барилдахгүй аваад байгаа гэхээр Кисэг хүмүүс "Цалингийн хулгайч" гэж нэрлэхэд буруудахгүй биз ээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна