Шэньзэнь хотын цахилгаан автобуснууд агаарын бохирдлыг бууруулж байна

2018/12/18
Цахилгаан автобусыг зорчигч тээврийн үйлчилгээндээ бүрэн нэвтрүүлсэн дэлхийн анхны хот бол Хятадын Шэньзэнь юм. Тус хотод нийтийн тээвэрт явдаг 16,000 автобус бүгд цахилгаанаар цэнэглэдэг.

Дизель түлшээр явдаг автобусууд дуу чимээ ихтэй, агаарыг бохирдуулдаг гол хүчин зүйлсэд багтдаг. Харин 12 сая оршин суугчтай мега хотын автобуснуудыг цахилгаанаар цэнэглэдэг болсноор олон талын ашигтай болсон аж.

Зорчигчид автобусны хэт чанга дуунаас болж гомдол ирүүлэхээ болисон байна. Мөн хотын зорчигч тээвэрт үйлчилж буй цахилгаан автобуснууд жил бүр 160,000 тн нүүрс хэмнэж, нүүрсхүчлийн хийг жилд 440,000 тн-оор багасгажээ.  



Хотын нийтийн тээврийн автобуснуудыг цахилгаан болгоход багагүй хөрөнгө гарчээ. Цахилгаан автобус нэг бүрийн үнэ 1,8 сая юань буюу 200,000 ам.долларын тэн хагасаас илүүг Засгийн газраас шийдэж өгсөн байна. Мөн 60,000 км-ээс дээш явсан цахилгаан автобусанд 500,000 юаний тэтгэмж олгоно гэжээ.

Шэньзэнь хотын нийтийн тээврийн автобус компаниудын анхаарлаа хандуулах болсон өөр нэг зүйл бол цэнэглэх бааз юм. Нэг автобус дунджаар 200 км яваад цэнэглэх шаардлагатай болдог. Хотод цахилгаан тээврийн хэрэгслүүдэд зориулсан 40,000 цэнэглэгч шон барьжээ. Зарим баазад нэгэн зэрэг 20 автобус цэнэглэх боломжтой.

Тус хот 2020 он гэхэд автобусаас гадна 22,000 таксиг цахилгаанаар явдаг болгохоор төлөвлөж байна. Эхний ээлжинд 4,600 цахилгаан таксиг үйлчилгээнд явуулна гэжээ. Хэрэв нийтийн тээврийн автобусаас гадна таксинуудыг цахилгаан болговол цэнэглэгч шонгуудыг хаа сайгүй байрлуулах хэрэгтэй. Учир нь автобуснууд тодорхой чиглэлийн дагуу явдаг бол такси үйлчилгээ үйлчлүүлэгчийн хүссэн дурын газарт явдаг тул цэнэглэгч баазуудыг илүү хүртээмжтэй болгох шаардлагатай юм.


 
Хятадын Засгийн газар 2020 он гэхэд Гуанжоу, Жухай, Донггуан, Нанжин, Ханжоу, Шааньси, Шандонг зэрэг 30 хотын нийтийн тээврийн хэрэгслийг цахилгаан тээврийн хэрэгслүүдээр солихоор төлөвлөсөн байна. Гэхдээ эрх баригчид цахилгаанаар цэнэглэдэг нийтийн тээврийн хэрэгсэлд хэт их мөнгө зарцуулж байна гэж үзсэн учраас дэмжлэгээ танахаар болсон байна.

Дэлхийн бусад томоохон хотуудын жишээнээс дурдвал Нью-Йорк, Лондон хотууд цахилгаан автобусыг үйлчилгээнд нэвтрүүлж байна. Лондон хот 2020 он гэхэд бүх дан автобусуудаа эко, 2019 онд давхар автобусуудаа хосолмол хөдөлгүүртэй болгоно гэжээ. Харин Нью-Йорк 2040 он гэхэд нийтийн тээвэрт үйлчилдэг автобуснуудаа бүгдийг нь цахилгаан тээврийн хэрэгслээр солихоор зорьсон байна.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна