Японы мэргэжлийн сумо бөхийн 2019 оны хамгийн эхний тэмцээн болох Хацү башё өчигдөр өндөрлөлөө. Мэргэжлийн сумогийн ертөнц дэх олон жилийн мөрөөдлөө биелүүлж, Катаонами дэвжээний бөх Тамаваши Б.Мөнх-Оргил 1-р сарын тэмцээнд түрүүлэв. Баруун жигүүрийн секиваке цолтойгоор Хацү башёд зодоглосон Б.Мөнх-Оргил 13 даваа 2 унаатайгаар тэргүүлж, Японы эзэн хааны цомыг 34 нас 2 сартайдаа хүртлээ.
Хэйсэй тооллын сүүлийн Хацү башёд түрүүлсэнээр хамгийн ахмад настайдаа макүүчид түрүүлсэн бөхчүүдийн жагсаалтанд Кёкүтэнхогийн араас 2-т бичигдэж эхэлсэн байна. Мөн Хэйсэй тооллын сэкивакэ цолтой түрүүлсэн 6 дахь бөх боллоо. Тамаваши 15 жил сумо бөхөөр барилдахдаа дээд зиндаанд 10 гаруй жил, саняакү цолтой 10 башё, сэкивакэ цолтой 5 башёд хүч үзэн ийнхүү түрүүлсэн байна. Макүүчи зиндаанд түрүүлсэн 7-дох Монгол хүн болж мэргэжлийн сумогийн дээд зиндаанд Монголчуудынхаа 83 дахь түрүүг хүртжээ. Мэргэжлийн сумод 15 жил барилдахдаа Тамаваши нэг ч өдрийн барилдаан өнжөөгүй ховор амжилтын эзэн билээ.
Б.Мөнх-Оргил хацү башёгийн эхний 5 өдрийн дараах байдлаар Такакейшо, Митакүэми нарт унаж, 3 даваа 2 унаатай эхлүүлсэн ч, үлдсэн 10 өдрийн барилдаандаа дараалан давж, Монгол бөхчүүдийнхээ ялалтын цувралыг үргэлжлүүлсэн юм. Сүүлийн өдрийн барилдаанаа Япончуудын хайртай бөх Эндогийн эсрэг хийж, цүкиотоши мэхээр давсан байна. Ингэснээр Тамаваши Эндотой хийсэн сүүлийн 10 барилдаан дараалан давлаа. Хацү башё 3 аваргатай эхэлсэн ч, Япон аварга Кисэносато зодог тайлж, Хакүхо, Какүрюү аваргууд тэмцээний дундаас башёг орхисон. Озеки нараас Такаяасү, Гойедо нар цолоо хамгаалсан бол Тошиношин тэмцээний дундаас гарсан билээ. Монгол бөхчүүдээс Ичиножо, Чиёшома нар 6 даваа 9 унаатай 1-р сарын тэмцээнээ өндөрлүүлсэн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна