Байнгын хороо УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг хэлэлцэнэ

2019/01/29
УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Тухайлбал, 09.00 цагт эхлэх Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 11 асуудал хэлэлцэхээр товлосон байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтад УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төсөл болон Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зургаан тогтоолын төсөл багтжээ. Мөн УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тов, зардлын хэмжээг батлах тухай, 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт болон МҮОНРТ-ийн Удирдах зөвлөлийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэх юм.

Үдээс хойш буюу 14.00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Соёл, урлагийн салбарын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Монгол Улсын консерватори /хөгжмийн дээд боловсролын байгууллага/-ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаарх ХНХ-ийн сайд, БСШУС-ын сайдын мэдээллийг сонсоно.

Хууль зүйн байнгын хороо 15.00 цагт хуралдаж, Өмгөөллийн тухай хуулийн төсөл , Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна