Индонез улс гадаад улсад гарсан хууль бус хөрөнгийг буцаан авчрах арга хэмжээ авчээ
Индонез Улсын Ерөнхийлөгч Жоко Видодо: “Олон жил хүлээсний үр дүнд Индонез болон Швейцарь улсын хооронд Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулахаар болсон бөгөөд энэ нь маш том ахиц дэвшил юм” гэж мэдэгдсэн байна.
Түүний тайлбарлаж буйгаар, уг гэрээг байгуулснаар Индонез болон Швейцарь улсын санхүүгийн байгууллага хоорондын хууль бус үйл ажиллагааг тогтоох боломжтой болох юм байна.
Тус улсын төрийн үйл ажиллагааны нэн тэргүүний ажлуудын жагсаалтад Хулгайлагдсан хөрөнгийг буцаах ажил багтаж, Ерөнхийлөгч Видодогийн 54 дүгээр зарлигаар “Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний стратеги” батлагдсан байна. Мөн тус улсын Хууль зүй, хүний эрхийн яамны зүгээс ч шийдвэр гаргаж, иргэдийг авлигын талаар мэдээлж байхыг уриалсан байна. Энэхүү шийдвэр хэрэгжсэнээр авлигатай тэмцэх ажилд томоохон хэмжээний ахиц дэвшил гарна гэж үзжээ.
Индонез Улсын хувьд “цагаан захтнууд” хууль бусаар олсон хөрөнгөө нарийн төвөгтэй санхүүгийн тогтолцоогоор дамжуулан халхавчилж, “Аюулгүйн бүс” хэмээн нэрлэгддэг банкны нууцлал сайтай Сингапур, Английн Виржин Арлууд, Бахамас, Панам зэрэг улс орнуудад хадгалдаг байна.
Ганц Индонез Улс ч биш, Малайз, Кени улсууд эрх зүйн харилцан туслалцааны гэрээгээр Швейцарь улсаас хууль бус хөрөнгөө эргүүлэн авчрахаар ажиллаж байгаа ажээ.
Ийм төрлийн асуудлыг нэг мөр шийдвэрлэх зорилгоор Индонез Улсын эрх бүхий байгууллагаас гаргасан “Хөрөнгийн талаар тайлбар гаргуулах тухай шийдвэр”-ээр тухайн асуудалд холбогдсон этгээдийг олсон хөрөнгөө албан ёсоор тайлбарлаж, нотлохыг шаарддаг юм байна.
Их Британи Улсад ийм төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлж, Авлигын эсрэг хууль баталжээ. Уг хуулиар, хувь хүнээс тус улсад зарцуулсан 50,000 фундаас дээш хэмжээний хөрөнгөө тайлбарлахыг шаарддаг байна. Тухайлбал, хамгийн сүүлд, 2008 онд 70,648 ам.долларын орлоготой гэж мэдүүлж байсан Азербайжан Улсын банкны захирлын эхнэрийн зарцуулсан 28,2 сая ам.долларыг энэ хуулийн дагуу хураан авч байжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна