УИХ-ын даргад горилогсод

2019/01/31
УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөгдөх сурагтай зэрэгцэн, дараагийн даргаар хэнийг сонгох талаарх таамаг улс төрийн төдийгүй олон нийтийн хүрээнд яригдах болсон. Хуулийн дагуу УИХ-ын даргыг МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-д оруулах ёстой. Харин эцсийн шийдвэрийг гаргах УИХ-ын гишүүдийн зүгээс МАНАН-д байгаагүй хүнийг томилох нь зохимжтой гэдгийг хэлж байгаа. Хэдийгээр тэдний энэ шаардлагад нийцэх эсэх нь эргэлзээтэй ч УИХ-ын найман гишүүний нэр дараагийн даргад яригдаж байна.

Тэдний нэг болох Шадар сайд Ө.Энхтүвшин 2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар, 2006 онд Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан УИХ-д дөрвөн удаа сонгогдсон ахмад, туршлагатай гишүүдийн нэг. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг хамгийн боломжтой хувилбар гэж ярьж байсан. Гэвч хуульчид түүнийг УИХ-ын дарга болох боломжгүй хэмээн мэдээлээд буй. Учир нь тэрбээр 2004-2007 онд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа Үндсэн хуулийг удаа дараа зөрчсөн гэх Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр огцорч байжээ.

Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг УИХ-ын даргаар томилох нь Үндсэн хуульд нийцэхгүй хэмээн тайлбарлаж байна. Мөн Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг хувьд ч улс төрийн туршлагатай, тулхтай гэгддэг гишүүдийн нэг. Гадаад хэргийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан туршлага түүнд бий.

Харин саяхан болсон Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг түүнийг УИХ-ын дарга болох замд саад болох бололтой. Парламентад долоо дахь удаагаа сууж, Үндсэн хууль батлалцаж явсан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн хувьд бас л байж болох хувилбар. Харин тэрбээр саяхан өгсөн ярилцлагадаа “27 жил хуримтлагдсан асуудлаа эргэн харж, хууль эрх зүйн орчин ялангуяа төрийн тогтолцооны эрх зүйн орчинг боловсронгуй болгохтой холбоотой асуудал байгаа учир түүнд нь нэмэр болохоор энэ парламентад орж ирсэн 76 гишүүний нэг” хэмээн өөрийгөө тодорхойлсон.

Сүүлийн үед ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэр хүчтэй яригдаж байна. Харин УИХ-ын гишүүн С.Батболд Ерөнхий сайдаар ажиллаж, тэр дундаа Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан хүний хувьд Монгол Улсыг гадаад дотоодод төлөөлөх чадвартай хүн гэж харж болно. Залуу гишүүдийн төлөөллөөс УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан нарын нэр таамаглагдаж байгаа.

Гэвч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд нэр холбогдоод байгаа нь олон нийтийн дургүйцлийг хүргээд буй. Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нь парламентад анх удаа сонгогдож байгаа ч МАН-ын даргын сунгаанд өрсөлдөж, УИХ-ын даргыг огцруулах тэмцэлд гар бие оролцсон “амбиц”-тай нэгэн гэгдэж буй. Ямартай ч дараагийн УИХ-ын даргын суудалд эдгээр гишүүн горилж байгаа бөгөөд МАН-ын Удирдах зөвлөл зөвшилцөж чадвал өнөөдөр ч шинэ УИХ-ын даргатай болох боломжтой.

 Эх сурвалж: Үндэсний шуудан сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна