БНСУ-д өнгөрсөн оны 9-р сард гарсан Авто замын хөдөлгөөний тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Энэхүү нэмэлт өөрчлөлтөнд “хүүхдэд зориулсан хамгаалалтын суудал” –ыг хувийн автомашинаас гадна нийтийн тээврийн хэрэгсэл, такси үйлчилгээнд хэрэглэх нь зүйтэй гэж тусгасан байна. Одоогоор нийтийн тээврийн хэрэгсэлд зориулалтын хүүхдийн суудал байхгүй хэвээр байгаа юм. Өмнөд Солонгос улс 2021 оноос эхлэн нийтийн тээврийн автобуснуудаа хүүхдийн хамгаалалтын суудалтай болгон үйлдвэрлэн гаргах юм байна. Тэр хүртэл 6 хүртэлх настай хүүхдийн эцэг, эхчүүдийн хувьд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ хүүхдийн суудлаа авч явах шаардлагатай болжээ.
Гэхдээ зарим хүмүүс энэ хуулийн төсөлд таагүй хандаж байгаа аж. БНСУ-ын "Хүүхдийн аюулгүй байдлын сан"-гийн тэргүүн Кан Ми Ху MBC телевизэд өгсөн ярилцлагадаа "Одоогоор хуулийн дагуу тээврийн хэрэгсэлд аюулгүйн бүсийг хэрэглэх заалтыг хэрэгжүүлж байна. Хуулийн өөрчлөлтийн дагуу нийтийн тээвэрт хүүхдийн суудлыг хэрэгжүүлэх боломжгүй цоорхой хууль болсон. Тиймээс хуулийн заалтыг эргэн харах шаардлагатай" гэжээ.
Дашрамд дурдахад “Хүүхдэд зориулсан хамгаалалтын суудал”-ыг анх 1963 онд Швейцарь улсад зохион бүтээжээ. Тэр цагаас хойш энэ бүтээл нь тоолж барамгүй олон бяцхан зорчигчийн амь нас, эрүүл мэндийг аварсаар ирсэн билээ. Энэхүү аюулгүйн хэрэгсэл нь ослын үед маш том хамгаалалт болж, ослоос авч болох гэмтэл бэртлийг багасгаж байгааг олон орны статистик судалгаа нотолдог юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна