Ардын уран зохиолч П.Бадарчид Төрийн соёрхол хүртээлээ

2019/02/04
Монгол түмний уламжлалт сар шинийн баярын босгон дээр Ерөнхийлөгч зарлиг гарган Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Төрийн соёрхол хүртээлээ.

Төрийн соёрхолт, ардын уран зохиолч П.Бадарч шагналаа авсныхаа дараа баярын сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрээр “Би олон жил бодож байлаа. Төрийн хоёрхолд гурван удаа дэвшээд дөрөв дэх дээр нь энэ сайхан шагналыг авлаа. Эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулгадаа талархаж байгаагаа илэрхийлье. Монголын ард түмэн миний "Есөн эрдэнийн орон"-д дуртай учраас энэ шагналд бүгдээрээ талархаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Их олон хүн надтай утсаар холбогдон баяр хүргэж, олон сайхан бүтээл туурвихын ерөөл дэвшүүлсэнд баярлаж байна. Анхны ном маань "Морьд" нэртэй 1967 онд гарсан. Тэр номонд “Морьд” найраглал сонинд хэвлэгдэж байлаа. Үүгээрээ би “Монголын яруу найрагт морьтой ирсэн найрагч” гэдэг нэр авсан. Монголын ард түмэн моринд хайртай учраас зүрх сэтгэлд нь нийцсэн байх гэж бодож байна. Мөн би хилийн цэрэгт офицер болоод явахдаа “Есөн эрдэнийн орон” найраглалаа бичээд тухайн үеийн “Үнэн” сонины утга зохиолын эрхлэгч Ардын уран зохиолч Ш.Дулмаад үлдээгээд явсан. Ингэхдээ “Шагналын комисст өгөөрэй” гэж хэлээд үлдээсэн юм. Хил дээр байхад гэрээс захиа ирээд байр эзэлж шагнал авсныг дуулгасан.

Энэ жил Халх голын байлдааны 80 жилийн ой тохиож байна. Харин би маргааш 81 хүрнэ. Халх голын баатруудаа сар шинийн мэнд хүргэе. Халх голын баатруудаас хамгийн дотно үерхэж байсан хүн бол Монгол Улсын гарамгай баатар Лодонгийн Дандар гуай. Бид хоёр олон аймаг, сумаар явж уран зохиолын үдэшлэг хийж байлаа.

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй. Эрүүл саруул байгаарай” гэсэн юм


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна