Хуульч Ж.Эрхэмбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та ЖДҮ-гийн асуудал гарч ирсэн цагаас хойш хатуу байр суурь илэрхийлж байна. Хуульч хүнийхээ хувьд итгэл үнэмшлээрээ асуудалд хандав уу. Улс төрийн зорилготой байсан уу?
-Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлуудыг эргээд харахад улс төрийн зорилготой болж хувирч байна. Ер нь ЖДҮХС-гийн асуудал одоо л олон нийтэд хүрч байгаа болохоос таван жилийн өмнөөс яригдаж байсан. Нийтийн мөнгийг дарга нар өөрийн үзэмжээр дамжуулан зээлдүүлдэг, зээлийн бүртгэл ойлгомжгүй, эргээд төлдөг эсэх нь эргэлзээтэй, зээлийн эрсдэлийн удирдлага маш муу явж ирсэн байдаг.
Таван жилийн өмнө манай хуулийн фирм Сангийн яамтай гэрээ байгуулж улсын төсвөөс зээл хэлбэрээр олгосон 250 тэрбум төгрөгийн авлага барагдуулах ажил хийж байлаа. Мөн ЖДҮХС-тай гэрээ байгуулан зээлийн эрсдэлийн үнэлгээ хийж, авлага барагдуулах ажлыг хийсэн.
Тэр үеэс л нийтийн мөнгөнөөс зээл олгохдоо ямар эмх замбараагүй байгааг мэдсэн. ЖДҮХС дээр гэхэд тухайн үед 1.2 тэрбум төгрөгийн найдваргүй, хугацаа хэтэрсэн авлага үүссэн байсныг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн.
Гэтэл нийт төлбөр төлөгчдийн 30 хувь нь нас барсан, зарим компани нь татан буугдсан байдалтай, хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаад хэдийнэ 10 жил болсон байсан. Өнөөдөр ч энэ байдал хэвээр үргэлжилж бид ЖДҮ гэх үзэгдлийг тойрч ярьсаар л сууна.
-Тухайн үедээ олон нийтэд мэдээлж байсан гэсэн. Анзаарч хүлээж аваагүй бололтой юм?
-Тухайн үед ийм эрсдэл бүхий байдал үүссэн байгааг Сангийн яам, ЖДҮХС-д удаа дараа хэлж байсан. Гэсэн ч ямар нэгэн шийдэлд хүрээгүй, арга хэмжээ аваагүй. Улстөрчдөд нийтийн мөнгөний бүртгэл, сангийн зээл олголт эмх замбараагүй байх нь ямар нэгэн байдлаар ашигтай байжээ. Одоо би яагаад улс төрийн зорилгоор энэ асуудалд хандаж байна гэхээр нийтийн мөнгөний бүртгэл, ЖДҮ-гийн асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэхэд улс төрийн хүсэл зориг, оролцоо чухал байна. Улстөрчдийн “ойлгодог хэлээр” нь ярьж байж, эрх ашгийг нь хөндөж байж цаашид сайжруулах юм байна гэсэн бодол төрсөн.
Сая ЖДҮ-гийн асуудал олон нийтэд хүрэхэд нийгэм нэлээд ач холбогдол өгч хүлээж авлаа. Олон нийтийн эрхзүйн боловсрол дээшилж энэ хэрээрээ хууль бус үйлдлийг сайн дураараа эсэргүүцэх хандлага, ухамсартай болж. Энэ давалгаан дээр гол нь үр дүнд хүрэх нь чухал байна. Тиймээс хуульчид илүү идэвхтэй оролцож ямар алдаа дутагдал байгааг баримтаар гарган тавьж, түүнийг шийдвэрлэх гарц, гаргалгааг тодорхойлон ажиллаж байна.
-ЖДҮХС-гийн асуудлыг нийгэм нэлээд шуугиантай хүлээж авах нь ч авсан. Гэхдээ одоо намжих тийшээгээ болчихов уу даа?
-Намжаагүй байх аа. ЖДҮ-тэй зэрэгцүүлээд томоохон хулгай, дуулиан гарч байна. Жаахан дарагдаж байна. Гэхдээ хулгайд, авлига албан тушаалын хэрэгт “том, жижиг” гэх харьцаа үйлчилдэггүй. Хулгай бол хулгай. Албан тушаалын байдлаа ашиглан өөрт болон хамаарал бүхий этгээддээ ЖДҮХС-гаас зээл авч давуу байдал олж авч, иргэдийн боломжийг хулгайлсан дарга нарт хууль хүрч, хариуцлага хүлээх болтол ажиллана.
Тэрээр ЖДҮ-г урьдчилан зохион байгуулалттай хийсэн гэмт хэрэг болохыг схемээр тайлбарлав. Төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮХС-гаас зээл авахын тулд эхлээд зээл олгох журмыг өөрчилсөн. Дараа нь Эрүүгийн хууль, Тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Улмаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг зээл олгох А88, А141, А131, А29, А25, А21, А94 тоот тушаал гаргажээ. Үүнээс А29, А25, А21, А94 тоот тушаал одоогоор ил болоогүй байна. Энэ тушаалуудын ард ямар албан тушаалтнууд ЖДҮ-гээ нуусан бэ гэдгийг удахгүй зарлахаар шүүхэд хүсэлтээ өгчээ. Ингэж ЖДҮ-чид зээлээ хувааж авсныхаа дараа Захиргааны Ерөнхий хуульд өөрчлөлт оруулж хариуцлагаас мултарна гэж тооцоолсон байжээ.
-ЖДҮ-г улс төрийн зорилготой тараасан, У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нар тэднийг дэмжигч гишүүд байгаа нь зүгээр нэг тохиолдол биш гэж үзэх хэсэг байна л даа. Энэ асуудлыг судалж байгаа хүний хувьд ийм гаргалаа байж болох уу?
-ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг А88 гэдэг тушаалыг 2018 тавдугаар сарын 14-нд баталсан байдаг. Тушаалаар 134 аж ахуйн нэгжид зээл өгсөн. Үүнээс 120 нь ямар нэгэн байдлаар төрийн өндөр албан тушаалтантай хамааралтай гэж Ерөнхий прокурор мэдэгдсэн байгаа. Үүнээс гадна А141, А131 дугаар тушаалаар мөн зээл олгосон байна. Цаашилбал өшөө ч сонирхолтой баримтууд тодорхой болж байна. Тухайлбал, 2018 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр ХХААХҮ-ийн сайдын А29 дугаар тушаал гарсан байна.
Уг тушаалаар зээл авах эрх нь нээгдсэн 54 аж ахуйн нэгжид “зээл санхүүжүүлэх эх үүсвэр байхгүй” гэх үндэслэлээр зээл олгохоос бүрэн болон хэсэгчлэн татгалзсан байдаг. Гэвч гуравхан сарын дараа ХХААХҮ-ийн сайд өөрийн болон нэр бүхий өндөр албан тушаалтны дөрвөн компанийг сонгон авч А88 тушаалаар зээл олгохоор шийдсэн байх юм.
Энгийн иргэдэд зээл олгох мөнгөгүй, албан тушаалтанд зээл олгох болохоор “эх үүсвэртэй” болчихдог байж болохгүй. Ийн ялгаварлах, өөрт давуу байдал үүсгэхийг л хориглосон хуультай юм шүү дээ. Үүгээр зогсохгүй А29, А25, А21, А94 зэрэг зээл олгосон шинэ тушаалууд, нотлох баримтууд ил болж байна. Бүхэлд нь цогцоор нь шалгах ёстой гэсэн зарчмаар хандаж байгаа. Схем дээр он сараар нь буулгаад харахаар ЖДҮ нь урьдчилан зохион байгуулалттай хийсэн хулгай болох нь бүтэн зураглалаар харагдана.
-Та тэр схемийг ойлгомжтой байдлаар тайлбарлахгүй юу?
– ЖДҮХС-гаас зээл олгох, сонгон шалгаруулалт явуулах журмыг Засгийн газраас баталдаг байсан. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 2017 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр ганцхан нэмэлт оруулсныг УИХ-аас баталсан. Уг нэмэлтээр хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын гишүүн батлахаар болгосон байдаг.
Өөрөөр хэлбэл, хэнд зээл өгөх, хэнд өгөхгүй, сонгон шалгаруулалтыг хэрхэн зохион байгуулах, ямар шалгуур тавих бүхий л асуудлыг сайдын буюу нэг улстөрчийн үзэмжээрээ шийдэх бололцоог олгосон байдаг. Эндээс ЖДҮ хулгай эхэлсэн юм билээ. Нэг албан тушаалтанд эрх мэдлийг төвлөрүүлэх, хяналтгүй болох нь ямар аюултайг эндээс харж болно.
-Тэгээд цаашаа яаж үргэлжилсэн юм бэ?
– 2017 оны тавдугаар сард Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Энэ нэмэлтээр Эрүүгийн хуулийн 22.2-т байсан “Албаны нөлөөг урвуулан ашиглах” гэсэн гэмт хэргийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, албан тушаалтан өөрөө гардаж бус өөрийн удирдлагад ажилладаг албан тушаалтнаар дамжуулан албаны нөлөөг урвуулан ашигласан үйлдлийг гэмт хэрэгт тооцож ял өгдөг байсныг болиулсан гэсэн үг. Энэ заалт нь “утас цохин асуудал шийддэг” даргыг хариуцлагад татах заалт байсан ч харамсалтай нь одоо тэгэх боломжгүй болсон.
Ийнхүү урьдаас хууль зөрчих, зөрчсөн ч хариуцлага хүлээхгүй үлдэх бүхий л бэлтгэлийг хангаж байжээ гэсэн үг. Одоо прокурор, АТГ-аас УИХ-ын гишүүдийг Эрүүгийн хариуцлагад татаж чадахгүй байгаагийн учир энэ л дээ. УИХ дээр Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл хэлэлцэгдэж байгаа. Энэ төсөл батлагдвал Захиргааны шүүхэд ч тэднийг дуудаж чадахгүй болно. Бидний эхлүүлсэн хэрэг ч хэрэгсэхгүй болно. Хуулийн ийнхүү “өөртөө үйлчлүүлж” байгааг бид харж, харамсч байна.
-Та энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан байдаг. Юу болсон бэ. Нааштай эерэг үр дүн байна уу?
-ЖДҮ-гийн асуудал дээр хуульчдын баг ажиллаж байна. Бид хуралдаад хэд хэдэн газарт хандахаар болсон. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн цэцэд хандсан. Үндсэн хуулийн цэц маргаан үүсэхгүй гээд татгалзсан байгаа. Уг нь УИХ-ын гишүүн өөрөө хууль батлагч. Баталсан хуулиа сахин биелүүлэгч нь, баталгаа юм.
Гэтэл УИХ-ын гишүүд нь өөрсдөө баталсан хуулиа зөрчиж, ашиг сонирхлын зөрчилтэй, ёс зүйгүй үйлдлийн манлайлагч нь болчихлоо. Төр үйл ажиллагаандаа хууль дээдлэх, шударга ёсыг сахих зарчмыг баримтлах ёстой юм л даа. Үндсэн зарчим, үүргээ биелүүлсэнгүй гээд Үндсэн хуулийн цэцэд хандсан.
Харамсалтай нь татгалзсан. Дараа нь УИХ дахь Ёс зүйн дэд хороонд хандсан. Ёс зүйн дэд хороо өнөөдрийг хүртэл хурлаа хийж чадахгүй байна. УИХ-ын гишүүд өөрсдийн ёс зүйг зөрчсөн асуудлаа ярих хүсэлгүй байна. Энэ хоёр институт улстөрчидтэй ойрхон, “хамааралтай” байгууллага учраас яг үнэндээ эерэг үр дүн гарахыг анхнаасаа хүлээгээгүй.
-Тэгэхээр одоо та бүхэн юунд найдаж байгаа юм бэ?
-Бид шүүх засаглалд найдаж байна. Төрийн бус байгууллага олон нийтийг төлөөлж нийтийн хөрөнгийн ашиглалттай холбоотой асуудлаар олон нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс нэхэмжлэл гаргах бололцоотой байгаа. Үүний дагуу бидний хэдэн хуульч нэхэмжлэл гаргаад байна. Захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэн шалгалтын ажлыг эхлүүлсэн байгаа.
Нэхэмжлэлийн үндэслэл нь Нийтийн албанд нийтийн болон Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах хуулийн 2.2-т зааснаар УИХ-ын гишүүн, сайд ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр төртэй гэрээ байгуулж болохгүй гээд хориглочихсон байгаа. Хэрэв гэрээ байгуулсан бол энэ хуулийг зөрчсөн гэсэн үг.
Нэгэнт энэ хуулиа зөрчсөн бол уг хуулийн 29-т зааснаар тухайн тушаал нь хүчингүй болохоос гадна, тухайн тушаалыг үндэслэж байгуулсан зээлийн гэрээ өөрөө хүчингүй болох юм. Энэ үр дагаврыг л хүсээд байгаа юм. Одоо бол захиргааны хэрэг үүсгэн ажиллагаа хийж байна.
– Улс төрийн өнцгөөс энэ бол зээл, жижиг асуудал юм гэсэн тайлбар ирж байна. Та гэмт хэрэг гэсэн үндэслэлийг нь тайлбарлахгүй юу?
-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т цагаан дээр хараар “…Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, … Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн эсвэл түүнтэй хамаарал бүхий этгээд нээлттэй тендер шалгаруулалтаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд … төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсвэл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч байж болохгүй” гээд заачихсан хуультай юм.
Мөн түүнчлэн УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмийн гуравдугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын байдлаа гэр бүлийнхээ болон хувийн санхүүгийн байдлыг дээшлүүлэхэд ашиглахгүй байх”, 3.1.5-д “төрийн … мэдээлэл /ажил үүргийн дагуу олж авсан мэдээлэл, мөн өөрийн ажил үүрэгт холбогдолгүй ч албан тушаалынхаа хүрээнд олж авсан мэдээлэл/-ийг хууль бусаар ашиглахгүй байх”, “3.2.1.бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа өөрийн нэр хүнд, эрх мэдлийг ашиглан … давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах, бусдад нөлөөлөх оролдлого хийхгүй” байх гэсэн хориглолтууд хүчин төгөлдөр үйлчилж байна. Эдгээр хууль, эрх зүйн актыг зөрчсөний дараа “энгийн зээл байсан” гэж тайлбарлаж байгааг хараад гайхаж л сууна.
Нэгэнт ийнхүү хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол шүүхээр тогтоолгоё гээд шүүхэд хандсан байгаа. Захиргааны хэргийн шүүхээс ЖДҮХС-гаас зээл авсан, албан тушаалтны хамаарал бүхий компанийг бүгдийг дуудсан. Хулгай, албан тушаал, авлигын хэрэгт жижиг, томын тухай ойлголт, ангилал байдаггүй. Хулгай хийсэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрт давуу байдал олгосон л бол зээлээ буцаан төлсөн үү, үгүй юү. Зээлээ зориулалтын дагуу зарцуулсан уу, үгүй юү гэдгээс үл хамаарч хуулийн хариуцлага хүлээх хуультай. Үнийн дүнгээрээ бол 100 орчим тэрбумаар хэмжигдэх авлигын хэрэг шүү дээ. Энэ утгаараа ч ЖДҮ-ийн хэрэг жижиг асуудал биш.
-Засгийн газраас ЖДҮ-тэй холбоотойгоор сангуудад шалгалт хийж дүнг танилцууллаа. Гурван санг нэгтгэхээр болсон байна. Ер нь энэ удаагийн шалгалтыг та юу гэж харж байна вэ?
-Гурван санг нэгтгэхээр болсон байна лээ. Нэгтгэх явцад зарим нэг алдаа гардаг. Бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албан хаагчдыг ажлаас халах үндэслэл бий болдог. Хуучин ажилчид нь яваад өгдөг. Бүх мэдээлэл нь тэр хүмүүстэй хамт алга болно. Шинэ ажилчид ирнэ. Тавилгаас эхлээд архив нь хүртэл шилжинэ. Архив зөөж байх явцад нотлох баримтууд үрэгддэг, гээгддэг. Хугацаа хэтэрсэн зээлийг эргэн төлүүлэх ажил гагцхүү нотлох баримтыг түшиглэн хийдэг шүү дээ. Энэ мэтчилэн эрсдэл үүсэх вий гэсэн болгоомжлол байна.
ЖДҮХС нь бүтцийн өөрчлөлтөөр гурван өөр яаманд харьяалагдаж, өөрчлөгдөж байсны сөрөг үр дагаврыг бид өнөөдөр тойрч шүүмжлээд сууж байна. Найдваргүй, хугацаа хэтэрсэн зээлийн авлагын хэмжээ 50 орчим тэрбумд хүрээд байна. Мөн ЖДҮХС дээр алдаа гарсан. Үүнийг засах гэж туршлагатай улстөрчийг сайдаар томиллоо гэсэн.
Гэтэл ХХААХҮ-ийн шинэ сайд Ч.Улаан Захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгсөн албан ёсны тайлбартаа нийтээрээ хууль зөрчсөн хэмээн шүүмжилж буй ЖДҮ-гийн зээлийн “хууль ёсны байсан” гэсэн тайлбар ирүүлсэн байгаа юм. Үнэндээ хуульчийн хувьд хор шар хөдөлж байна. Тиймээс энэ хэргийг шүүх дээр үнэн зөв шийдүүлэхийн тулд бүх хүч бололцоогоо дайчлан ажиллана.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна