АТГ-ын удирдлагуудыг хэзээ чөлөөлөх вэ

2019/03/29
Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүдийн 85 хувийн саналаар баталсан байдаг. 

Энэ  хуульд өөрчлөлт оруулснаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авилгатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлдөг болох эрх зүйн орчин бүрдсэн. 

Тиймдээ ч Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр зарлиг гаргаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатыг огцруулсан юм. 

Хуулийн байгууллагын удирдлагуудаас өдгөө АТГ-ын удирдлагууд чөлөөлөгдөөгүй байна. Гэхдээ тэднийг УИХ-ын хаврын чуулганы эхэнд чөлөөлөх нь. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Авлигын эсрэг хуулийн 22.1-д АТГ-ын дарга, дэд дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал эсвэл огцруулдаг зүйл дээр ҮАБЗ-ийн саналыг УИХ-д оруулсан байна гэсэн үг нэмсэн байгаа. Тодруулбал, ҮАБЗ-өөс АТГ-ын удирдлагууд ажлаа хийхгүй байна, чөлөөлье, огцруулъя гэдэг санал гаргавал саналаа УИХ-д хүргүүлнэ. Улмаар УИХ хэлэлцээд ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжтэй санал нэгдэж байвал чөлөөлж, огцруулна. Хэрвээ санал нийлэхгүй бол АТГ-ын удирдлагууд үлдэнэ гэсэн үг" хэмээн тайлбарлалаа. 

Ерөнхийлөгчийн зүгээс нэгэнт АТГ-ын удирдлагуудыг солих хүсэлтээ УИХ-д хүргүүлсэн. Тодруулбал, АТГ-ын даргаар Даваанямын Даваа-Очирыг, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг тус тус томилуулах саналаа эгүүлэн татаж, Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хуралд дахин санал оруулах шийдвэр гаргаснаа УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр мэдэгдсэн юм.

Тэгэхээр АТГ-ын удирдлагуудыг чөлөөлөх асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэж, чөлөөлөх нь тодорхой боллоо. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна