Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хоёрдугаар сарын 27-нд ажилдаа орж, тамга тэмдгээ хүлээн авч байв. Түүнээс хойш хоёр сар ч болоогүй байна. Гэтэл С.Амарсайханыг огцруулах тэмцэл аль хэдийнэ өрнөж эхэллээ. Дөрөвдүгээр сарын 5-нд Гэр хорооллын хөдөлгөөнөөс түүнийг огцруулахаар жагссан бол өчигдөр Баянзүрх дүүргийн иргэд НЗДТГ-ын үүдэнд жагсч, Хотын даргыг огцрохыг шаардав. Хаврын улс төр ийнхүү С.Амарсайханыг “онилсон” нь хэд хэдэн тодорхой шалтгаантай.
Нэгдүгээрт, Баянзүрх дүүргийн сонгуулийн маргаан. Эрх баригч нам дүүргийн удирдлагыг гартаа авахаар хэт их улайрч эхэлсэн. Өнгөрсөн сарын 23-нд ИТХ-ын төлөөлөгчийг сонгох дахин сонгууль тус дүүрэгт болсон байдаг. Гэвч сонгуулийг зохион байгуулсан хуулийн заалтыг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн УИХ хүчингүй болгосон. Тэгэхээр Баянзүрх дүүрэгт дахин сонгууль эхнээсээ явагдах үндэслэлгүй байв. Харин МАН-ынхан дахин сонгуулийг хүчээр явуулж, өөрийн хүнийг “хүчээр” ялуулсан байдаг. МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Ц.Галхүү сонгуульд ялж, сонгуулийн хорооноос батламжаа хүртэл гардаад байв. Харин үүний дараа Ц.Галхүүг сонгуульд оролцохдоо мөнгө тараасан гэх үндэслэлээр хуулийн байгууллагаас шалгаж, сонгуулийн хорооноос батламжилсан тогтоолыг үндэслэлгүй болгов. Үүний дараа МАН-ынхан БЗД-ийн Засаг даргын Тамгын газар руу хүчээр дайрч, хүртэл үзэв. Ийм хачин үзэгдэл, утгагүй үзэгдэл Баянзүрх дээр үүсээд байгаа.
Харин нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан үүсээд байгаа нөхцөл байдлын шийдлийг олохгүйгээр харин ч дайран дээр нь давс цацчихсан байдаг. Хууль бус болсон дахин сонгуулийн дүнг үндэслэн захирамж гаргаж, Э.Бат-Амгаланг дүүргийн Засаг даргаар томилоод байгаа. Дүүргийн Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, томилох асуудлыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал хуралдаж шийдвэрлэх ёстой байдаг. Харин Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн өдөр хуралдаагүй, дүүргийн Засаг даргыг томилж, чөлөөлөх талаар Нийслэлийн Засаг даргад санал уламжлаагүй байдаг. Энэ нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж Баянзүрх дүүргийн АН-аас Нийслэлийн Засаг даргад шаардлага хүртэл хүргүүлсэн байдаг.
Түүнчлэн өчигдөр Баянзүрх дүүргийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа, Хуулийн бодлогын зөвлөх Д.Оросоо, ИТХ-ын дарга Ш.Ганчимэг нар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийсэн. Энэ үеэр Д.Пүрэвдаваа “Манай дүүрэгт хүчингүй болсон заалтыг үндэслэн дахин сонгуулийг зохион байгуулсан. ҮХЦ-ээс шийдвэр гаргаад , үүний дагуу УИХ хэлэлцээд энэ заалтыг хасчихсан. Гэтэл дүүрэг дээр сонгуулийн хороо хуралдаад хүчингүй болсон заалтыг үндэслэж байгаад энэ сонгуулийг зарлачихсан. МАН өөрсдөө хууль бус сонгууль зарлачихаад, үүн дээрээ нэр дэвшүүлсэн Б.Галхүү нь мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригдсан. Ийм бусармаг байдлаар дүүргийн удирдлагын эрхийг нь авах гээд байна” гэлээ. Мөн тэд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн АТГ-т шалгуулахаар хандаж буйгаа мэдэгдсэн юм.
Ер нь энэ бүх асуудлыг цаана Хотын дарга С.Амарсайханы эрх ашиг яваад байна гэж ярих ч хүмүүс байна. Учир нь Туул голын эргээс 50 метр хүртэлх газрыг онцгой хамгаалалтын бүс хэмээн заасан байдаг. Гэвч Туулын бургасыг хядаж, 20 орчим метрийн зайд барилга байгууламж барьсан “Зүүнбаян рефайнери” компанийн асуудал олны анхаарлын төвд дахин орж ирлээ. Ардчилсан Залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд цахим хуудастаа “Яг нарийн тооцуултал 2.0 га биш 5.6 га сүйтгэгдсэн байна. Нэг га-д 2500 орчим бут бургас ургадаг гэсэн тооцоо байдаг юм байна. Тэгэхээр 14 мянган бут бургас устгагджээ. Нэг бут үндсэнд дунджаар 50 ширхэг мөчир гэж үзвэл 700.000 мөчирлөг бургас хядуулсан байна. Байгаль орчны яам үүнийг 9.2 тэрбум төгрөгний хохирол учирсан байна гэж тогтоожээ” хэмээсэн байна.
Тус компанийг Хотын дарга С.Амарсайхантай хамаарал бүхий аж ахуй нэгж гэдгийг мэднэ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ талаар “Зүүнбаян рефайнери” С.Амарсайхантай хамааралтай юм билээ. Ядарсан нэгэнд арга хэмжээ авдаг ч задарсан компаниудаа тойрч өнгөрөөд байгаа” хэмээн шүүмжилж байсан удаатай. “Зүүнбаян рефайнери” компани нь нийтдээ дөрвөн га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах зөвшөөрөл авсан ч Туул голын бургасыг хядаж байгаль орчинд үлэмж хохирол учруулсан байдаг. Байгаль орчинд хохирол учруулсан гэгдэж, 2014 онд зургаан сая 560 мянга, 2016 онд 12 сая төгрөгийн торгууль төлж байжээ. Түүнчлэн, 2017 оны зургадугаар сарын 20-нд БОАЖ-ын сайд тушаал гаргаж, “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн газар ашиглах эрхийг албан ёсоор дуусгавар болгосон байна. Гэвч тус компани барилгын ажлаа үргэлжлүүлсэн. Хотын дарга С.Амарсайхан хэдхэн хоногийн өмнө “Зүүнбаян рефайнери” компанийн үйл ажиллагааг зогсоохоор болсон хэмээн мэдэгдсэн байдаг. Гэвч “Зүүнбаян рефайнери” компанийн эзэмшил газар, үйл ажиллагаа бүгд Баянзүрх дүүрэгт харьяалагддаг учраас энэ дүүргийн удирдлагад өөрийн хүнээ томилох нь зөвхөн МАН-ын ч биш С.Амарсайханы хүсэл байж болох юм. Ийнхүү олон асуудлаас үүдэн томилогдоод хоёр сар ч болоогүй Хотын дарга огцруулах эсэргүүцэлтэй туллаа….
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна