Дональд Трамп: ''Бүгдээрээ цөмийн зэвсгээсээ татгалзъя л даа''

4 цаг 37 минутын өмнө
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп цөмийн зэвсгээс татгалзах санаачилга гаргажээ. Тэрээр “Фокс ньюс” телевизэд өгсөн ярилцлагадаа энэ талаар өгүүлсэн байна.

“ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй бүс болохыг дэмжиж, Ким Жон Унд туслах боломж гарсанд баяртай байна гэж хэллээ. Тэгэхээр бид бүгд л цөмийн зэвсэггүй болохыг хүсч байгаа юм чинь, бүгдээрээ цөмийн зэвсгээсээ татгалзъя л даа. Орос ч татгалзах ёстой, Хятад ч татгалзах ёстой” гэж тэрээр ярьсан байна.

БНАСАУ-ын Гадаад хэргийн яам өнгөрсөн сарын 15-нд “АНУ-тай хийж буй хэлэлцээрийг зогсоох асуудлыг нухацтай судалж байгаа” гэж мэдэгдсэн. Хэлэлцээрт ялагдал хүлээх нь огт хэлэлцээр хийгээгүйгээс ялгаагүй гэж үзэж байгаа тул ийм алхам хийж магадгүй гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байсан юм.

АНУ-ын хувьд, Д.Трампын засаг захиргаа цөмийн цэнэгт хошууны нөөцийн талаарх мэдээллийг энэ сарын 19-ний өдөр улсын нууцад оруулсан. Ингэхдээ ямар нэгэн тайлбар хийгээгүй. Ямартай ч 2017 оны есдүгээр сарын 30-ны байдлаар Вашингтон 3822 ширхэг цөмийн цэнэгт хошуу эзэмшиж байсан. ОХУ-тай байгуулсан “Стратегийн зориулалттай цөмийн цэнэгт хошууг хоргодуулах гэрээ”-г хэрэгжүүлсэн бол хоёр улс аль аль нь энэ оны хоёрдугаар сарын 5 гэхэд 1550-иас илүүгүй цөмийн цэнэгт хошуутай үлдсэн байх учиртай юм. Уг гэрээ 2021 он хүртэл үйлчлэх ёстой ч мэдээллийг улсын нууцад хамруулснаар ийнхүү хэрэгжилтийн явцыг олон нийт мэдэх аргагүй болжээ.   


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна