Олон улсын хэвлэл мэдээлэл болон цахим хуудсаар ОХУ-ын Сибирийн ойд гарсан түймрийн талаар мэдээлсээр байна. Харин бусад оронд гарч байгаа том түймрийн талаар тоймлон хүргэе.
Сибирийн ой тайгад өнгөрсөн сарын сүүлээр хэт хуурайшилтын улмаас дүрэлзэж эхэлсэн түймрийг унтраахаар ОХУ бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа билээ. Тодруулбал, ОХУ-ын Ой хамгаалах албаны хэвлэлийн албанаас мэдээлснээр энэ сарын 6-ны өдрийн байдлаар гурван сая гаруй га газарт гарсан түймрийн 47-г нь 24 цагийн дотор унтраасан байна. Мөн гал сөнөөгчид 163.175 га газрыг хамарсан 180 ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн үүнтэй холбоотойгоор Красноярск, Эрхүү, Бүгд найрамдах Саха, Буриад улсад онцгой байдал зарлажээ. Харин өнгөрсөн сарын 31-нд ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын Батлан хамгаалах яаманд тус улсын зүүн хэсэгт асч байгаа түймрийн голомтыг унтраах ажиллагааг эрчимжүүлэх даалгавар өгсөн юм. Үүний дагуу энэ яамнаас түймрийг унтраах ажиллагаанд туслахын тулд 10 Ми-8 нисдэг тэрэг, Ил-76 онгоц 10-ыг илгээсэн байна. Энэ онгоцнууд түймэр асч байгаа Красноярск, Эрхүү мужид түймэр унтраах үүргээ гүйцэтгэсэн гэж мэдэгдэлдээ дурджээ.Тодруулбал, энэ сарын 6-нд цэргийн онгоцнууд 150 мянган га газрыг хамарсан түймрийг унтраахын тулд 1.1157 тонн усыг 32 удаагийн нислэг үйлдэж цацсан байна. Энэ сар эхэлснээс хойш дээр дурдсан хоёр мужийн түймэрт өртсөн бүсэд 8.1 тонн ус зарцуулаад байна. Тайланд дурдсанаар энэ сарын эхнээс нисэх хүчнийг гал түймэр унтраах ажилд дайчилснаар Сибирийн ой тайгын 753 га газрыг авраад байгаа юм байна. 3300 хүн, 430 тоног төхөөрөмжөөр түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж. Мөн гал сөнөөгчид 2.8 сая га газрыг байнгын хяналтдаа байлгаж байна.
Харин энэ сарын 5-нд “Спутник” цахим хуудаст бичснээр ОХУ-ын Эрхүү болон бусад мужийн эрх баригчид ой хээрийн түймрийн талаар худал мэдээлэл өгсөн гэж байгаль орчныг хамгаалах хуулийн хэрэгжүүлэлтийг шалгах хэлтсийн прокурор Роман Федосов ярьжээ. Тэрээр “Бид Эрхүү болон бусад мужид энэ талаар худал мэдээлэл өгснийг найдвартай хэлж чадна” гэж хэлсэн байна. Мөн гал түймрийг ноцтой гэж тооцож үзээгүй. Тиймээс эрх баригчид энэ гамшгийн талаар зохистой хариулт өгөх хугацаа байгаагүй гэжээ. Энэ нь бодит байдлыг нууж байгаа учраас судалгаа хийхийг шаардсан байна. Гал түймэр гарсан газар нь хэмжээгээрээ Пуэрто Рико улсаас гурав дахин их, Сальвадор, Израйль,Словак улсын газар нутагтай тэнцэх ажээ.
Гал түймэр гарсан гол шалтгаан нь хүний хайхрамжгүй зангаас болсон гэж ОХУ-ын Онцгой байдлын дэд сайд Игорь Кобзев мэдэгджээ. Тэрээр гал түймэр замын хажууд гарснаар эхэлсэн гэж парламентын хурлын үеэр хэлсэн байна. Онцгой байдлын яам хуурай шуурга болсон газрыг шинжилснээр энэ нь түймэр гол шалтгаан биш гэсэн дүгнэлтийг хийсэн гэж нэмж хэлжээ. Харин Ойн эдийн засгийн холбооны агентлагийн даргын үүргийг түр гүйцэтгэгч Михайл Климов хуурай шуурга нь ойн түймэр дэгдсэн бүсэд гал гарах гол шалтгаан болсон. Үүнийг унтраах албагүй ч орон нутгийн эрх баригчдын шийдвэрээр зохион байгуулж байгаа ажил гэж ярьсан байна. Харин гадаад орноос ОХУ-д түймэр унтраахад нь туслах саналыг Италийн Засгийн газар тавьсан гэж тус улсын ерөнхий сайд Жузеппе Конти мэдэгджээ. Кремлийн ордноос ерөнхийлөгч Доналд Трамп, ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихдаа гал түймрийг унтраахад туслахыг хүсч байгаагаа илэрхийлсэн талаар мэдээлсэн байна. Үүнийг нь Владимир Путин хоёр орны хооронд ирээдүйд харилцаагаа тогтворжуулах алхам гэж үзснийг ерөнхийлөгчийн хэвлэлийн албаныхан онцолжээ.
“Спутник” агентлагт бичснээр өнгөрсөн зургадугаар сарын 26-ны шөнө 4000 га газрыг шатаасан гал түймэр гарсан гэж зарласан байна. Тиймээс 53 хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж Испанийн автонамит муж Каталонийн гал унтраах анги мэдээлсэн гэж бичжээ. Харин Каталон мужийн эрх баригчдаас өгсөн мэдээллээр ургамал бүхий 6500 га газрыг хамарсан энэ түймэр нь ассаар байна гэж өнгөрсөн зургадугаар сарын 28-нд “Спутник” цахим хуудаст бичсэн байна.Түймэр гарсан бүсээс нийт 45 хүнийг шилжүүлсэн бөгөөд түймэрт өртөж шархадсан хүн байхгүй гэж мэдээлжээ. Түймэр гарсан газарт Онцгой байдлын цэргийн ангийн 230 төхөөрөмж, 413 гал сөнөөгч ажилласан байна. Харин энэ талаар өнгөрсөн сарын зургадугаар сарын 29-нд “Elconfidensal.com” цахим хуудаст Таррагона мужид гарсан гал түймрийг унтраахаар гал сөнөөгчид амралтгүй ажиллаж байгаа. Тэд өнгөрсөн сарын 1-нд гал түймрийг газар авахыг зогсоож чадсан. Гэхдээ таван гал сөнөөгч шархадснаас хоёр нь хүнд шархдаагүй ч нисдэг тэргээр нүүлгэн шилжүүлсэн гэж Каталон мужийн эрх баригчид мэдээлсэн байна. Мөн энэ автонамит мужийн Дотоод хэргийн сайд Мигель Бач “Гал сөнөөгчид хэдийгээр 40 гаруй хэмийн халуунд ажилласан ч гал түймрийг хяналтдаа авна гэсэн зорилгоо биелүүлсэн” гэж ярьжээ. Харин Испанийн Засгийн газар Таррагона, Авила, Толедо, Мадрид муж буюу Испанийн газар нутгийн ойд гарсан түймрийг унтраахын тулд 17 онгоц, 16 нисдэг тэрэг, зургаан тусгай багийг илгээсэн байна.
Мексикийн Канкун хотоос 200 гаруй километр зайтай Юкатаны хойг дахь Карибын тэнгисийн дагуу байдаг хагас сая га газартай “Сиан Каан” дархан цаазат газар 2500 га газрыг хамарсан хоёр гал түймэр өнгөрсөн сарын дундуур гарсан гэж тус улсын эрх баригчид мэдээлсэн байна. Харин Үндэсний ойн комисс хоёр түймрийн нэгийг 100 хувь хяналтдаа авсан. Түүнчлэн 90 хувийг нь унтраасан гэж онцолжээ. Кинтана Роо мужид байдаг Муйиль хэмээх археологийн жижиг бүсэд гарсан хоёр дахь гал түймрийг унтраахаар 70 хүн ажиллаж байгаа юм байна. Мөн Үндэсний батлан хамгаалах яамны нисдэг тэргийг энэ түймрийг хяналтдаа авахад дайчилсан аж. Харин Кинтана Роо мужийн иргэний хамгаалалтын зохицуулагч Адриан Мартинес “Энэ түймэр нь бут сөөг бусад ургамалтай 600 га газарт хохирол учруулснаар эхэлсэн” гэж ярьсан байна. Гал түймэр гарах болсон шалтгааныг аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулагчдын анхаарлыг татдаг бүсэд барилга, орон сууцаа барихыг хүсдэг компани болон агнахыг хориглосон амьтан агнадаг хулгайн анчид тавьсан байх боломжтой гэж таамаглаж байгаа юм байна. Харин өнгөрсөн сарын 19-нд байгаль орчны байгууллагын эрх баригчдын мэдээлснээр энэ дархан цаазат газрын 2500 га газрыг хамарсан ойн гал түймрийн 70 хувийг хяналтдаа авсан байна. Түүнчлэн 40 хувийг нь унтраасан ажээ. Энэ хоёр түймрээс гадна ОХУ-ын Сибирийн ой тайгад гарч байгаа ойн гал түймэртэй төстэй олон га газрыг хамарсан ойн түймэр бол өнгөрсөн жил АНУ-ын Калифорни мужид гарсан гал түймэр юм. Нэгэн фермерийн санамсаргүй тавьсан галын улмаас Калифорни мужийн уул нуруу, хөндийг хамарсан түймэр гарч олон хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн билээ. 150 гэр шатаж, зэрлэг ургамал, зэрлэг ан амьтан, зургаан хүний амь насанд хүрсэн 166 мянган га газрыг хамарсан тус мужийн түүхэнд гарсан хамгийн том түймэр юм. Гал сөнөөгчид энэ түймрийг унтраахын тулд сар ажилласан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна