​Мьянмарт цэргийн эргэлтийн үеэр нэгэн багш бүжиглэж, цахим сүлжээг шуугиулж байна

С.Гандэлгэр
2021/02/04

Мьянмарт биеийн тамирын багш эмэгтэй парламентын зүг чиглэсэн цэргийн цуваа явж байх үед фитнесс бүжиг бүжиглэж байгаа бичлэг хийж, олон нийтийн сүлжээнд нийтэлсэн олны анхааралд өртөж, гарсан даруйдаа маш их хандалт авсан байна.


Бичлэг дээр Хинг Хнин Вай хэмээх биеийн тамирын багш эмэгтэй эргэн тойронд болж буй зүйлд анхаарал хандуулалгүй гурван минут хагасын турш эрч хүчтэйгээр бүжиглэж буй нь харагдана.  

Тэрээр бүжгийн тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байгаа тул энэ газарт өдөр бүр шахам ирдэг ажээ.
"Би жирийн нэг өглөө байна л гэж бодож байсан, ийм үйл явдал болно гэж огт бодоогүй" гэж Хинг Хнин Вай хэлжээ.

Мьянмарт 2 дугаар сарын 1-ний өдөр цэргүүд тус улсын засгийн газрын удирдагчдыг, тэр дундаа тус улсын Ерөнхийлөгч Вин Минт, Төрийн зөвлөлийн гишүүн (де-факто Ерөнхий сайд) Ан Сан Су Чи нарыг баривчилсан хэрэг болсон. Одоогоор бүх эрх мэдлийг Мьянмарын цэргийн дээд командлагч, генерал Мин Аун Хлаингийн гарт шилжиж байгааг зарласан байна. Түүнчлэн томоохон хотуудад гар утас, интернетийн сүлжээ доголдсоноос гадна тус улсын үндэсний “MRTV” телевизийн дамжуулалт тасалдаж, армийн мэдлийн телевизүүд мэдээллийг дамжуулж байгаа аж.

Түүнчлэн эрх баригч намд харьяалагдах эсвэл холбоотой засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудыг баривчилсан байна.

Мьянмарын цэргийнхэн эрх баригч намын депутатууд зэрэг өмнө баривчилсан 400 орчим хүнийг суллажээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна