Хималайд уулын мөс нурснаас 125 хүн сураггүй болжээ

С.Гандэлгэр
2021/02/08

Өчигдөр орон нутгийн цагаар 11:00 (05:30 GMT) цаг орчимд Энэтхэгийн хойд бүсийн Уттараханд мужид Хималайн уулын мөсөн оргилын нэг хэсэг нурж, уулын голыг үерлүүлсний улмаас 125 хүн сураггүй болжээ. 

Үерийн ус Ришиганга Усан Цахилгаан Станцын төслийн даланг эвдэж, ойролцоох хөндийг бүрхсэн байна. Засгийн газраас далангийн ойролцоох тосгодын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Хөрш Уттар Прадеш муж ч бэлэн байдалд шилжжээ.

Сураггүй болсон хүмүүсийн 50 гаруй нь усан цахилгаан станцын төслийн ажилчид болохыг Уттараханд мужийн захиргаанаас мэдээллэв. Тэдний гуч орчим нь үерт боогдсон хонгилд байх магадлалтай гэж үзээд аврах ажиллагааг үргэлжлүүлж, хонгилд түгжигдсэн 16 хүнийг аварч, долоон хүний цогцсыг олж илрүүлсэн байна. 

Энэтхэгийн засгийн газар гамшгийн бүс рүү олон зуун цэрэг, нисдэг тэрэгнүүдийг илгээжээ. Цаг уурын дулаарлын улмаас уулын мөнх цасан оргилоос томоохон мөс тасарсан гэж судлаачид үзэж байна. Энэтхэгийн засгийн газрын үзэж байгаагаар 125-аас ч олон хүн алга болсон байх боломжтойг хэлэв. 

Уг мөс уулын гол руу унахдаа их хэмжээний хад чулууг нурааснаас усны хүчтэй давалгаа үүсгэсэн байж болзошгүй гэнэ.

Өөр нэг хувилбар нь мөс голд унасны дараа хэсэг хугацаанд хайлж, усны түвшинг алгуур нэмэгдүүлснээр үерлүүлсэн байх боломжтой гэж үзэж байна.

Эх сурвалж: BBC




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна