Археологичид Эртний Египетийн Абидос хэмээх хотод орших 5000 жилийн настай аварга том шар айрагны үйлдвэрийг нээн илрүүлсэн тухай тус улсын Аялал жуулчлал, эртний олдворын яам мэдээлжээ.
Энэхүү олдвор нь МЭӨ 3100 оны орчим Нармер хааны хаанчлалын үед хамааралтай байх магадлалтай хэмээн мэдэгдэлдээ дурджээ. Энэ нь одоогоор мэдэгдээд буй хамгийн эртний шар айраг исгэдэг байсан газар юм.
Судлаачид шар айргийг эртний хаадын оршуулгын ёслолд ашиглаж байсан хэмээн үзэж байгаа аж. Өмнөх малтлагуудаас шар айргийг тахилын ёслолд ашиглаж байсан баримтууд олдож байсан юм.
Энэхүү эртний шар айраг исгэх газар нь тус бүрдээ 40 шавар ваар бүхий найман хэсгээс бүрдэнэ. Буудай болон ус ашиглан шар айраг исгэж байсан хэмээн Египетийн эртний олдворын дээд зөвлөлийн тэргүүн, доктор Мостафа Валерий мэдэгджээ.
Тус үйлдвэр нь нэг удаадаа ойролцоогоор 22400 литр шар айргийг исгэх боломжтой аж.
Цар тахлын улмаас тус улсын аялал жуулчлалын салбар хүнд байдалтай байгаа. Тодруулбал 2019 онд гэхэд тус улс 13.1 сая жуулчин хүлээн авч байсан бол цар тахлын улмаас 2020 онд ердөө 3.5 сая жуулчин хүлээн авчээ. Мөн Олон улсын валютын сангаас тус улсын аялал жуулчлалаас олох орлогыг 17.8 -аас 2.7 тэр бум доллар хүртэл буурсан гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: CNN
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна