Францын ерөнхийлөгч Макрон AstraZeneca вакцин тариулах хүсэлтэй байна гэв

С.Гандэлгэр
2021/03/01

Дэлхийн улс орнуудад коронавирусийн эсрэг хэд хэдэн вакцин хэрэглээнд нэвтэрснээс одоогийн байдлаар ДЭМБ-ын зүгээс Pfizer/BioNTech болон AstraZeneca вакцинуудыг онцгой нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгоод байгаа билээ. 

Тэгвэл Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон AstraZeneca вакциныг тариулах сонирхолтой байгаагаа Европын Холбооны удирдагчдын уулзалтын үеэр мэдэгджээ.

Түүний хувьд өмнө нь AstraZeneca вакциныг 65-с дээш насныханд саармаг үйлчлэлтэй хэмээн хэлснээс болж олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлд өртөөд байсан юм. 

Түүнчлэн Их Британий эрдэмтдийн зохион бүтээсэн AstraZeneca вакцин нь Европын Холбоотой хийсэн гэрээний дүнгээс харьцангуй бага тоогоор вакцин нийлүүлж буйтай холбогдуулан хоёр тал маргаантай байгаа билээ. Тодруулбал, энэ оны хоёрдугаар улиралд AstraZeneca компаний зүгээс Европын Холбоотой тохирсон хэмжээнээс даруй 2 дахин бага тооны тун нийлүүлэх төлөвлөгөөтэй буй юм. 

Мөн Ерөнхийлөгч Макроны зүгээс Грек улсын санал болгосон вакцины пасспортын асуудал нь хүн амын дунд вакцинжуулалтад хамрагдах дарааллын хувьд хамгийн сүүлд хуваарилагдаж буй залуу үеийнхэнд халгаатай шийдвэр болно хэмээжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна