Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозиг авлигын хэрэгт буруутай гэж үзжээ

Х.Есү
2021/03/02

ПАРИС. /TASS/. Парис хотын шүүх Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозиг авлигын хэрэгт буруутай гэж үзжээ. Энэ тухай “BFM” телевиз Парисын Шүүхийн ордноос мэдээлсэн байна.

Даваа гарагт болсон шүүх хурлын үеэр Ерөнхийлөгч асанд гурван жилийн хорих ял оноосон байна. Үүний хоёр жил нь тэнсэн харгалзах ял бөгөөд нэг жилийг нь шоронд эдлэх ёстой аж. Үндэсний санхүүгийн прокурорын газраас Саркозид дөрвөн жилийн хорих ял оноохыг /хоёр жил нь тэнсэн харгалзах/ шаарджээ.

Гэхдээ бодит байдал дээр Саркози шоронд хоригдохгүй байх боломжтой. Учир нь Францын хуулиар хоёроос доош жилийн хорих ялтай хоригдлууд цахилгаан бугуйвч зүүж, гэртээ байх боломжтой байдаг аж.

“Утасны яриаг замаас нь барьж нууцаар сонссон” гэх хэргийн шүүх хурал өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлчээр эхэлжээ. Энэ хэрэгт Саркозигаас гадна түүний өмгөөлөгч Тьерри Эрзог, Дээд шүүхийн дэргэдэх прокурор асан Жильбер Азибер нар холбогдсон байна. Прокурорын байгууллага тэдэнд Саркозитай адилхан дөрвөн жилийн хорих ял төлөвлөжээ.

2007 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг нь "L'Oreal" компанийн өв залгамжлагч Лилиан Беттанкурт хууль бусаар санхүүжүүлсэн байж болзошгүй хэргийн мөрдөн шалгалтын талаарх мэдээллийг олж авахын тулд өмгөөлөгчөөрөө дамжуулан Азиберт Монакод албан тушаал амласан хэрэгт Саркозиг буруутгасан байна.

Францын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, 2013 оны есдүгээр сард мөрдөн байцаагчид Саркозигийн сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийг шалгах ажлын хүрээнд түүний утасны яриаг чагнах болжээ. 2014 оны эхээр мөрдөн байцаагчид Саркози огт байхгүй хүмүүс дээр бүртгэлтэй гар утсаар Эрзогтой холбогддог байсныг тогтоосон байна.

Шүүх хурлын үеэр Саркози өөрт нь тулгасан хэргийг эрс няцаажээ. Түүний өмгөөлөгчид утасны яриа чагнах ажиллагааг хууль бусаар явуулсан бөгөөд энэ нь өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хоорондох утасны яриа байсан учир мөрдөн байцаалтын нууцыг зөрчсөн гэж үзэн ялыг хүчингүй болгохыг шаардсан байна. Саркозигийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдол гаргахаа мэдэгджээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна