Айварс Лембергс нь 1988 оноос хойш Вентспилс хотын захирагчаар ажиллаж байсан бөгөөд даваа гарагт Рига хотын шүүхээс түүнийг хээл хахууль авсан, мөнгө угаасан хэрэгт буруутгажээ.
Шүүхийн шийдвэр гарсны дараа чинээлэг бизнесменийг шууд баривчилж, нэмэлт 20,000 еврогийн торгууль ногдуулжээ.
Шүүхээс түүнийг хэд хэдэн хувь хүн болон урьдын бизнесийн өрсөлдөгч нарт учруулсан хохирлыг төлөх ёстой гэж үзэн Лембергсийн хэдэн сая еврогоор үнэлэгдсэн хөрөнгийг хураан авсан байна.
Шүүхээс хураан авсан эд хөрөнгөнд оффшор бүсийн компаниуд, хувьцаа, банкны данс, үл хөдлөх хөрөнгө, автомашин, үнэт эдлэл, түүний тээврийн хэрэгслийн жижиг чиргүүл багтсан гэж мэдээлжээ. Энэ шийдвэр нь Латвийн орчин үеийн түүхэн дэх хамгийн удаан хугацаанд үргэлжилсэн эрүүгийн хэрэгт цэг тавьсан юм.
Латвийн хууль сахиулагчид 67 настай олигархыг анх 2007 оноос шалгаж эхэлсэн бөгөөд түүнийг 40 гаруй авлигын хэрэгт буруутгаж байжээ.
Лембергс нь Латвийн хамгийн баян хүмүүсийн нэгд тооцогддог бөгөөд Ногоонтнууд ба фермерүүдийн холбооноос ерөнхий сайдад удаа дараа нэр дэвшиж байжээ. Даваа гарагт болсон шүүх хурлаар түүнийг 40 хэргээс 19-т нь буруутай гэж шийдвэрлэсэн байна.
Лембергс шүүхийн шийдвэрийг няцааж, уг шүүх хурлыг улс төрийн шинжтэй гэж үзэн давж заалдах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: euronews
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна