Исландад долоо хоногийн дотор 17,000 удаа газар хөдлөлт бүртгэгджээ

С.Гандэлгэр
2021/03/04

Галт уулаар элбэг Исландын аралд өнгөрсөн долоо хоногт 17,000 удаа газар хөдлөлт бүртгэгдсэн нь ер бусын ховор үзэгдэл болжээ. 

Газар хөдлөлтийн цэгүүд тус улсын баруун өмнөд Рэйкянес мужид илэрсэн байна. Тэдгээрээс хамгийн том нь хоёрдугаар сарын 24-ний өдөр Рихтерийн шаталбараар 5.6 магнитудын хүчтэй болжээ. 

Одоогоор газар хөдлөлтөөс үүссэн хохирол бага байгаа ч автозамууд дээр бага хэмжээний хагарлууд үүссэнийг орон нутгийн захиргаа мэдээлжээ.

“Энэ үзэгдэл хүмүүсийн санааг зовоож байна. Газар хөдлөлт манай бүс нутагт хэвийн үзэгдэл мөн боловч үргэлжилж буй хугацаа нь ер бусын байна” гэж Исландын их сургуулийн галт уул судлалын профессор  П.Пордарсон хэлэв. Мөн "энэ нь галт уулын хүчтэй дэлбэрэлт гарцаагүй болсны шинж тэмдэг" гэв.

Гэхдээ аль нэг галт уул дэлбэрсэн тохиолдолд халуун лаавын урсгалын замд ямар нэг суурин газар байхгүй байгааг Исландын их сургуулийн эрдэмтэд компьютер загварчлалын аргаар тогтоожээ.

Үүнээс гадна галт уулын дэлбэрэлтээс үүсэх үнс нурам агаарт хэр хол цацагдахыг тооцоолох боломжгүй байгаа нь нэг том эрсдэл болж байгаа аж. 2010 онд Исландад галт уул дэлбэрэхэд дэлхийн хоёрдугаар дайнаас хойших дэлхийн хамгийн том агаарын тээврийн тасалдал үүсч байсан нь агаарт цацагдсан үнс нурамтай холбоотой байжээ.

Эх сурвалж: CNN



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна