Гурван метрийн зайд 5 минут зогссон эмэгтэйгээс коронавирусын халдвар авчээ


Олон улсад мөрдөж буй халдвар хамгааллын дэглэмд зааснаар иргэд олон нийтийн газраар явахдаа бусдаас 2 метрийн зай барих ёстой. Гэтэл энэ зай хангалттай бус гэдгийг батлах нэгэн тохиолдол Өмнөд Солонгост гарчээ. 

Монгол улсад хөл хорио тавиад удаагүй ч өдөрт шинээр халдварлах хүмүүсийн тоо ихсэж буй энэ үед ресторан зоогийн газрууд дүүрэн хүнтэй байх нь хэвийн зүйл болоод байна. Амны хаалттайгаа идэж, уух боломжгүй тул нэг л халдвартай хүн эдгээр газруудаар үйлчлүүлэхэд халдвар өвсөнд гал авалцсан мэт хурдтай тархах нь мэдээж.

Өмнөд Солонгосын Жонжу хотод ахлах сургуулийн сурагч коронавирусын халдвар авсан нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татжээ. Учир нь уг хотод 2 сарын турш шинээр халдвар бүртгэгдээгүй, сурагч хаанаас халдвар авсан нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн байна. 

Тодруулбал, сурагч охин хотоос гараагүй бөгөөд сүүлийн саруудад гэр сургууль гэсэн маршруттай байсан атал ийн халдварлажээ. 

Тархвар судлаачид, мэргэжилтнүүдийн баг охиныг хаанаас халдвар авсныг тогтоохоор охины банкны гүйлгээ, хяналтын камерт буусан бичлэгүүд, гар утасны байршил тогтоогч зэргийг шалгаж үзтэл ажлын томилолтоор Жонжу хотод ирээд байсан коронавирусын халдвартай эмэгтэйгээс салбарлан гарсан халдвар болох нь илэрчээ. 

Уг эмэгтэй нь сурагчаас хоёр ширээний зайтай сууж ресторанаар үйлчлүүлсэн ч коронавирус агаарын урсгалаар дамжин халдварлуулжээ. Ийн халдварлахад ердөө 5 минут л хангалттай байсан байна. Халдвартай эмэгтэй сурагч охиныг орж ирснээс ердөө 5 минутын дараа рестораныг орхин гарчээ.  

Харвардын халдварт өвчин судлалын мэргэжилтэн Меган Мурригийн өгүүлснээр зоогийн газраар үйлчлүүлэх нь маш эрсдэлтэй, учир нь зоогийн газар, цэнгээний газруудад агаарын урсгалаар дамжин вирус маш хурдтай, өргөн хүрээтэй тархдаг хэмээгээд байсан юм. Хүн хоорондын 2 метрийн зайг барьж чадвал вирусийн тархалтыг багасгаж чадна хэмээн мэдээлэлж байсан ч энэ нь тийм ч үр дүнтэй арга биш гэдгийг эрдэмтэд сануулж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.188.46
    2021/03/10

    Зөөгч халдвартай хүний хажуугаар өнгөрөхөд вирус хоолны ууртай хамт охинд очсон байж болох талтай.

    Хариулах