-Дэлхий анхаарч байгаа дээр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ баталгаажуулж авья -
Олон улсын сэтгүүлчдийн холбооны албан ёсны цахим хуудаст өнөөдөр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн талаар нийтлэл “Сэтгүүлчийг олон нийтийн ашиг сонирхлыг илэрхийлснийх нь төлөө баривчилжээ” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ. 1926 онд байгуулагдсан, сэтгүүлчдийн эрх ашгийг олон улсад хамгаалдаг уг байгууллага нийтлэлдээ Н.Өнөрцэцэгийг “Шүүхийн шийдвэрт нөлөөлөхийг оролдсон” хэргээр баривчлагдсан болохыг тодорхой дурдсан ч нэн даруй суллахыг бүр илүү тодорхой шаардсан байна.
Н.Өнөрцэцэгийг буруутгаж буй Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалтыг 2015 онд баталж, 2017 оноос хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуульд 2020 оны нэгдүгээр сард нэмж оруулсан бөгөөд /Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн ганцхан заалттайгээр хэрэгжиж байгаа. Маш бүрхэг, өргөн хүрээтэй ашиглаж болохоор энэ зүйл заалтаар яг одоо гэхэд нэр бүхий 10 гаруй сэтгүүлч хуулийн байгууллагад шалгагдаж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг нарын гишүүд 2020 онд уг заалт дээр “Энэ гэмт хэргийн хохирогчид төрийн байгууллага хамаарахгүй”, “Үзэл бодлоо илэрхийлэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдийг албаны бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй нь холбогдуулж хардсан, сэрдсэн бол энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцохгүй” гэсэн нэмэлт оруулах санал гаргасан ч УИХ хүлээж аваагүй юм.
Дээрх гишүүд уг өөрчлөлтийг санаачлахдаа ХМЗ-өөс санал авсёан байдаг бөгөөд ХМЗ-өөс “Эрүүгийн хуулийн хатуу хариуцлагыг хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх болон хэвлэлийн эрх чөлөөний тухай асуудал дээр зөвхөн “онц их буруутай” тохиолдолд ашиглах ёстой гэж бид үздэг. Иймээс мэдээлэл тараагч нь хүний үндсэн эрх, нэр төрийг санаатайгаар (өөрөөр хэлбэл мэдсээр байж) буруугаар ашиглах нь “онц их буруутай байх” гэсэн ойлголтыг илэрхийлнэ гэж үзэж байна. Зөвхөн хохирол учруулсан санаатай үйлдэлд л эрүүгийн шийтгэл оногдуулах учиртай. Ийм агуулгыг хуулийн гол санаа гэдэгтэй санал нэгдэж байвал хуулийн гарчигийг “худал мэдээлэл тараах” бус “гүтгэх” гэж шууд утгаар томъёолох нь зохистой.
Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт нь үр нөлөө/үр дагаврыг бус арга хэрэгслийг (худал мэдээлэл тараах) шийтгэж байна хэмээн бид үзэж байна. Учир нь хүн, хуулийн этгээдийн нэр төрд халдсан гүтгэлгийг Эрүүгийн хуулиар шийтгэхдээ тухайн хэргийн үр нөлөө/үр дагаварт нь шийтгэл оногдуулахаас бус арга хэрэгслийг шийтгэх учиргүй юм. Учир нь худал мэдээлэл тараахгүйгээр гүтгэлгийг хийж болдог. Жишээ нь: цуурхал тараах, гуравдагч этгээдийн үзэл бодол дамжуулах гэх мэт.
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хууль нь худал хуурмаг, нэр төрд халдсан баримтыг тухайн мэдээллийг тараагч нь худал болохыг нь мэдэлгүйгээр олон нийтэд түгээхэд ч эрүүгийн шийтгэл хүлээх эрсдлийг агуулж байна. Үнэн зөв, баталгаатай хэмээн эх сурвалждаа найдаснаас, түүнчлэн баримтыг нөхцөл байдлын улмаас гүйцэд нягтлаагүйн улмаас баримт/мэдээлэл нь буруу болохыг нийтийн хүртээл болсоны дараа олж мэдэх явдал сэтгүүл зүйд тохиолддог.
Энэ нь ихэнхидээ сэтгүүлчийн мэргэжлийн ур чадвар дутах болон цаг хугацааны дарамтаас шалтгаалах нь бий. Гэвч нэг талаас эзэд, хөрөнгө оруулагчид сэтгүүлчдийн давтан сургалт, мэргэшүүлэх байдалд цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулах шаардлагатайг харуулдаг. Нөгөө талаас мэдээллийг нягталж шалгах, гүнзгийрүүлэн судлах, эрэн сурвалжлахад эх сурвалжаа нууцлах эрх зүйн баталгаагүй байдал нь мэргэжлийн үйл ажиллагаанд нь саад болсоор байна.
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөр хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим зөрчсөн хэмээн шийдэгдсэн хэргүүдийн дийлэнх нь баримтыг дутуу нягталж шалгаснаас үүдсэн санаатай бус (санамсаргүй) алдаа байна. Ийм тохиолдолд, ХМЗ мэргэжлийн ямар ур чадвар дутсанаас редакц алдаа гаргасныг тайлбарлаж, цаашид ийм алдааг давтахгүй байхыг сануулж, залруулга гаргаж хариуцлагаа хүлээхийг зөвлөдөг. Иймэрхүү зөөлөн зохицуулалтын нийгэмд үзүүлэх эерэг үр нөлөө нь хэвлэлийн эрх чөлөөнд халгүйгээр алдааг залруулах боломжтойг харуулдаг. Сэтгүүл зүйн хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт нь сэтгүүлчийн мэргэжлийн ажлаа гүйцэтгэхдээ гаргасан санамсаргүй алдаа нь эрүүгийн хариуцлага хүлээх шалтгаан болох ёсгүй хэмээн үздэг.
Одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу шүүгч л “худал мэдээлэл” эсвэл “үнэлэмжийн талаарх дүгнэлт” гэдгийг шийдэх ёстой. Тиймээс НҮБ-аас өгсөн тайлбар зөвлөмжийн дагуу хууль тогтоомж боловсруулахдаа дараах нэршлийн ялгаатай байдлыг харгалзаж үзэхийг зөвлөж байна. Үүнд:
“Худал мэдээлэл тараах” (Disinformation) тухай хуулийн хатуу хариуцлага нь олон нийтийн өмнөөс шүүмжийг өрнүүлдэг сэтгүүлчдийн хувьд “амандаа хаалт” хийх буюу өөрийн цензурт түлхэж, улмаар тэд дуугарахаас татгалзаж эхэлдэг. Үр дагавар нь ардчилал, нээлттэй, ил тод байдалд асар сөргөөр нөлөөлдөг. Иймээс “худал мэдээлэл тараах” гэдгийг шүүгч ялгаж тогтоохыг Дээд шүүхийн тайлбарт үлдээх бус хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулж “илт худал баримтыг зориудаар тараасан” гэсэн тодотголыг зайлшгүй хийх шаардлагатай гэдгийг бид санал болгож байна.
Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага болох Хэвлэл мэдээллийн зөвлөл нь чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, хариуцлагатай, ёс зүйтэй хэвлэл мэдээллийг төлөвшүүлэх чиг үүрэгтэйгээр 2015 оны эхээр байгуулагдсан хэвлэл мэдээллийн эзэд болон сэтгүүлчдийн эвсэл юм. Өргөн нэвтрүүлэг, хэвлэмэл болон цахим хэвлэл, орон нутгийн хэвлэл мэдээлэл болон олон нийтийн төлөөлөл бүхий 45 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас сэтгүүл зүйн ёс зүйн асуудалтай холбоотой 375 өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн.
Сэтгүүл зүйн хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт нь хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимдаа харгалзах заалтуудыг тусгаж, түүнийгээ хэрэгжүүлэхийг сэтгүүлчдэд үргэлж сануулсаар ирсэн. Тухайлбал, баримтыг зохих ёсоор нягтлан шалгах, олон талын эх сурвалжуудаар мэдээллийг баталгаажуулах, буруутгагдаж буй этгээдийг заавал сонсож тайлбар авах, хэрэв санамсаргүйгээр хуурамч мэдээлэл түгээсэн бол өөрийн хариуцлагаа ухамсарлаж залруулга гаргах гэх мэт.
Ардчиллыг хөгжүүлж буй улс орнуудын хувьд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараат бус байдлыг хангахад салбарын өөрийн зохицуулалт гол хөшүүрэг мөн гэдгийг ЮНЕСКО онцолсоор ирсэн. Энэхүү нийтлэг сайн жишгийн дагуу Монголын ХМЗ нь сэтгүүл зүйн агуулгын чанарын хяналтыг салбарын өөрийн зохицуулалтаар шийдвэрлэхийг илүүд үздэг.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн 13.14-т Худал мэдээлэл тараах мөн хуулийн 14.8-т Сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах гэсэн бол Коронавируст халдвар /КОВИД19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13.3-т ... олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээлэл түгээхийг хориглоно; Зөрчлийн хуулийн 5.13-т Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн бол ... хэмээн томъёолсон байна. Энэ мэтчилэн тараах, түгээх гэдэг нэр томъёог харилцан адилгүй хуульчилж, хуульд хэрэглэж байгаа ойлголтыг нэг мөр жигдлэх нь зүйтэй.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудаас харахад бараа, бүтээгдэхүүнийг түгээх (to distribute), харин мэдээллийг тараах (to disseminate) гэсэн нэр томъёог ашиглаж байгаа нь нийтлэг байгаа тул цаашид “мэдээлэл тараах” гэсэн томъёоллыг ашиглах нь зүйтэй гэсэн саналтай байна.
Нэмэлт оруулахаар төлөвлөж буй тайлбарт өгөх санал:
Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгад “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийн хохирогчид төрийн байгууллага хамаарахгүй тухай тайлбар оруулна. Ингэснээр төрийн байгууллага, улс төрд нөлөө бүхий этгээд Эрүүгийн хуулийн заалтыг өөрт ашигтайгаар хэрэглэж, төрийн үйл ажиллагаатай нь холбогдуулан шүүмжилсэн, авлига, ашиг сонирхлын зөрчилд холбогдсон талаар хардаж мэдээлэл түгээсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийг Эрүүгийн хэрэг үүсгүүлж, улмаар мэдээллийн эх сурвалжаа хэлэхийг шахах, дарамтлах, иргэдийн мэдэх эрхийн амыг үдэх боломж олгосон эрх зүйн үндэс арилна” хэмээн тайлбарлажээ.
Зарчмын хувьд бид дээрх үндэслэлтэй санал нийлж буй хэдий ч нэмэлтээр оруулахаар төлөвлөж буй тайлбарын зарим нэр томъёог илүү тодорхой болгож, тайлбар хийхийг санал болгож байна.
Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэн хэн ч байсан санаатайгаар худал баримт/мэдээлэл тарааж хэн нэгнийг гүтгэсэн бол хуулийн хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Харин Эрүүгийн хуульд гэмт хэргийн хохирогчдыг ялгаж ангилах нь хэвлэлийн эрх чөлөөнд хязгаарлалт болж болзошгүй гэдгийг хууль санаачлагчид анхаарахыг зөвлөж байна.
Тухайлбал, “улс төрд нөлөө бүхий этгээд” гэдэгт хэн буюу ямар албан тушаалтай хүмүүс хамрагдахыг хэн, хэрхэн яаж тогтоох вэ? Шүүгч, прокурорууд эрүүгийн хэргийг шалгахдаа энэ бүлэгт орох хүмүүс, байгууллагыг эрх зүйн ямар үндэслэлээр ялгаж үзэх вэ? Мөн “төрийн байгууллага” гэдэгт эрүүл мэнд, барилга, боловсролын гээд бүхий л төрийн үйлчилгээний байгууллагууд хамаарах уу? зэрэг асуултад хариулах шаардлагатай болж байна. Эс бөгөөс энэ ялгаатай байдал нь сэтгүүлчид хэнийг ямар албаны эрхээ хэрэгжүүлсэнтэй холбогдуулж хардаж, сэрдэж болно/болохгүй гэсэн олон нийтийн хэлэлцүүлгийг үүсгэх болно.
Хэрэв сэтгүүлчид “таамаг, баталгаагүй мэдээлэл” гэдгийг дурьдалгүйгээр мэргэжлийн алдаа гаргавал өөрийн зохицуулалтаар залруулах боломжийг олгодог. Иймд хуулийн нэмэлт тайлбарт оруулахаар төлөвлөж буй “хардалт, сэрдэлт” хэмээх нэр томъёо нь хуулийн хүрээг өргөжүүлж, хэвлэлийн эрх чөлөөнд хязгаарлалт үзүүлэх нөлөө болж болзошгүй тул ийм асуудлыг Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаар зохицуулах боломжтой юм.
Иймд бид хуулийн төсөл дэх нэмэлт тайлбарыг илүү оновчтой боловсруулж томъёолохын тулд хуульчид, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн редакторуудтай хамтдаа хэлэлцэх боломжийг өргөнөөр ашиглахыг Танд санал болгож байна” хэмээн саналаа ирүүлсэн байдаг.
Олон улсын сэтгүүлчдийн холбооны шаардлага, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хууль болон түүнд нэмэлтээр оруулахыг оролдсон ч чадаагүй нэмэлт, түүнд өгсөн мэргэжлийн байгууллагын /ХМЗ/ дүгнэлт зэргийг хамтатган уншигчдад хүргэж байгаа нь, эрхлэгчийг нь хуулийн байгууллага шалгасны төлөө Зариг.мн редакцийг хаасан үйлдэл дээр “хуулийн цоорхой” байгаа нь илэрсэн. Улмаар энэ алдааг засахаар хууль санаачлах процесс явж байгаатай холбоотой.
Ингэхдээ зөвхөн хэвлэл мэдээлэлтэй холбоогүй, үзэл бодлоо илэрхийлэх эрх эрх чөлөөг хааж боож болохгүй гэдэг агуулгатай байна гэдгийг эрх баригч МАН-ын бүлэг, дарга Д.Тогтохсүрэн, Цахим хөгжлийн сайд Н.Учрал нар хоёрдмол утгагүй илэрхийлсэн байдаг. Тиймээс нэгэнтээ асуудлыг сөхсөнийх, өмнө гарч байсан саналуудыг тусгаж, шинээр үүссэн асуудлыг оруулаад хууль эрхзүйн орчноо нэг мөр бүрдүүлээд авья гэсэн санал байна.
Үнэндээ одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар бол хуулийн байгууллага хүсвэл хов базсан авгайчуудыг ч шийтгэчих боломж бүрэн байгааг иргэд олон нийт ч анхааралтай уншиж үзвэл ойлгох биз ээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.191.160
Монгол улсад шаардлага тавьдаг ямар гээч том эрх мэдэлтэй, амбицтай Олон улсын сэтгүүлчдийн холбоо нэртэй манай хэдэн тэнэг эх орноо мартсан авгай нарын хов зөөдөг этгээд вэ хол очиж хуц
Хариулах