Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайд Ц.Сандаг-Очироос Туулын хурдны замын төслийг зогсоосонтой холбогдуулан тодрууллаа.
Тэрбээр, “Туулын хурдны замыг улс төржүүлж, төслийг бүр зогсоосон зүйл байхгүй. Хуульд нийцтэл түр зогсоосон. Засгийн газар хууль л хэрэгжүүлж ажиллах ёстой. Дүрэм журам шаардлагуудыг биелүүлэхгүй бол бүр мөсөн зогсоохыг ч үгүйсгэхгүй.
Өөрсдөө ажлаа явуулъя гэвэл хуулинд заасан эрх зүйн баримт бичгээ боловсруулаад ир, үзэж хараад батлаад өгье. Бид менежментийн төлөвлөгөө батлагдаагүй байхад ажил эхлүүлсэн гээд тухайн компани дээр торгууль тавьж байгаа. Тавихаас ч өөр аргагүй.
Энэ төсөл дээр Туулаа хамгаалах гэж эсэргүүцэл үзүүлж байгаа иргэдийг саналыг ойлгож байна. Мөн нөгөө талаас улс төрийн зорилготой зохион байгуулалттайгаар энэ ажлыг гацаах гэж байгаа асуудлыг ялгаж үзэх ёстой. Улстөржиж байгаа асуудал байж болохгүй.
Хэн нь байгалиа хамгаалах гээд байна вэ? Хэн нь улстөржөөд байна вэ гэдгийг ялгаж салгах ёстой.
-Та Ерөнхийлөгчийн санаачилсан хууль дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ хууль дээр дэмжих зүйл заалт байгаа. Бас дэмжиж болохгүй ч зүйл заалт байгаа. Хэлэлцүүлгийн шатанд засаад явах эрх нь гишүүд бидэнд байгаа. Тийм учраас гишүүдийн бүрэн эрхийг хааж боогоод парламентын дархлаанд нөлөөлөх гээд байгаа зүйл гэж харахаасаа илүүтэйгээр гишүүд бид өөрсдөө л ёс зүйтэй хариуцлагатай байх ёстой юм байна гэдгээ ойлгох хэрэгтэй.
Харин намаас татдаг, цэцийн шийдвэрээр эргүүлж татдаг асуудал байж болохгүй” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна