"COP17" бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах ажлын хүрээнд хэрэгжүүлж буй “Үндэсний Ногоон Лаб” платформын талаар Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлантай ярилцлаа.
Тэрбээр, “Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын бага хурал буюу COP17 наймдугаар сард зохион байгуулагдахаар байгаа. COP17 хурал маань жил болгон болоод байдаггүй дэлхий хэмжээний томоохон хурал. Энэ хурлын үеэр маш их гаднын зочдыг Монгол Улс хүлээж авахаар байгаа. Гол нь энэхүү хурлаас Монгол Улсад юу үлдэх юм бэ гэвэл бид эндээс хөрөнгө оруулалт татах боложмийг эрэлхийлэх зайлшгүй шаардлагатай.
Тэгэхээр гадны байгууллагууд ерөөсөө илүү ногоон төслүүдэд санхүүжилт олгох чиг хандлагатай болсон. Нөгөө талаар жижиг дунд бизнесүүдийг илүү дэмжих чиглэлийн зээл тусламжуудыг өгөх сонирхолтой болсон байна.
Мөн дотоодын арилжааны банкууд маань ч гэсэн зээлийн багцынхаа 5 хувийг ногоон болгож байна. Энэ бол маш сайн. 2030 он гэхэд ногоон зээлийнхээ багцыг 10 хувь болгохоор зорьж байгаа юм билээ. Арилжааны банкуудаас гадна ББСБ-ууд ногоон бүтээгдэхүүн болон ногоон бондыг гаргаж эхэлсэн байна.Арилжааны банкиуд дээр 1.8 тэрбум долларын ногоон санхүүгийн эх үүсвэрийг бий болгож чадсан байна.
Гадаад болон дотоодын аль алинд нь эдгээр ногоон төслүүдэд хөрөнгө оруулах боломж байгаад байна. Гэсэн хэдий ч нөгөө талд нь арилжааны болон хөрөнгө оруулагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн төслүүд хангалттай хэмжээнд алга. Тиймээс “Үндэсний ногоон лаб” маань энэ хоёрын хооронд гүүр болж, байгаль орчинд ээлтэй олон сайхан төслүүдийг илүү сайжруулахад нь дэмжлэг үзүүлье гэсэн зорилготой.
Энэ бол Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газрын санаачилгаар нээлтээ хийсэн. Ажлын албаныхан нь бол байгалийн өв сан болон Монголын бизнесийн зөвлөл хамтран ажиллаж байгаа. Мөн Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, олон улсын байгууллагуудаас НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллага, цөлжилттэй тэмцэх конвенци болон дотоодын хувийн хэвшлүүд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа сайн дурын үндсэн дээр байгуулагдсан санаачилга байгаа.
Энэ жил СОР17-гоос гадна НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2026 оныг бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил болгосон. Цөлжилттэй тэмцэхэд зөвхөн төр дангаараа ажиллахад хангалттай биш, төр хувийн хэвшил хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр энэ платформ маань ч гэсэн төр хувийн хэвшлийн түншлэлээр бүтсэн.
Тиймээс цөлжилттэй тэмцэхэд эко системээр нь нэгдсэн цогц бодлого явуулах ёстой. Ямар чиглэлийн төслүүдийг бид хүлээж авах вэ гэхээр цөлжилттэй тэмцэхэд нэгдүгээрт чухал эко системийг хамгаалах, мөн бэлчээрийн зохистой менежментийг хэрэгжүүлэх, байгалын нөөцийг зохистой ашиглах, доройтсон газрыг нөхөн сэргээх чиглэлээрх төслүүдийг илүү тэргүүлэх чиглэл болгон авч хэлэлцэхээр байгаа.
Бид төслүүдээ нээлттэй сонгон шалгаруулна. Энэ нь оноотой. Гадаад дотоодын экспертүүд хамтдаа төслүүдээ сонгон шалгаруулахаар байгаа. Сонгон шалгаруулалт маань хамгийн нэгдүгээрт байгаль орчны үр нөлөөг хэрхэн үнэлэх вэ гэдгийг харна.
Хоёрдугаарт, санхүүгийн тогтвортой байдал маш чухал. Өөр өөрийгөө цаашид урт хугацаанд авч явах боломжтой өргөжин тэлэх боломжтой төслүүдийг хүлээж авна. Мөн төслийн бэлэн байдал хэр хангагдсан талаарх мэдээлэл маш хэрэгтэй. Мөн шинэлэг байдал, технологийн шинэ шийдлийг хэрхэн оруулж ирэх вэ гэдэг үзүүлэлтийг харна.
Бид дөрөвдүгээр сарын 20 гэхэд төслүүдийг хүлээж авахаар байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан хөдөлгөөнүүд маань ногоон шилжилт байгаль орчны өөрчлөлтийг дэмжих томоохон санаачилгуудыг дэвшүүлсэн.
Нэгдүгээрт, тэрбум мод үндэсний хөдөлгөөн. Хөрс байхгүй бол бидэнд амьдрал байхгүй шүү дээ. Энэ хөдөлгөөний хүрээнд ойролцоогоор 116 сая модыг бодитоор болон дүйцүүлсэн байдлаар тарьж ургуулаад байна.
Хоёрдугаарт Хүнсний хувьсгал хөдөлгөөн байна. Яг одоогийн байдлаар хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний үр дүнд 53 шинэ аж ахуйн нэгж шинээр нээгдсэн. 1000 гаруй бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж эхэлсэн байна.
Мөн Цагаан алт үндэсний хөдөлгөөн байна. Нэг жилийн хугацаанд нийтдээ 500 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 100 гаруй аж ахуйн нэгжид өгсөн байна. Тэгэхээр дэлхийн ногоон шилжилтэд бүрэн нийцэхүйц, тогтвортой хөгжлийн бодлогыг дэмжсэн хөдөлгөөнүүд өрнөж байгаа юм" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.243
Herhen,Tuul,Onongiin using selgeh Sandhills baidag. Tegvel hurdnii zamiin trasst ertsen burgasiig Herlend selgen suulgaval LUS bayarlah bolov uu?
Хариулах