Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхантай ярилцлаа.
-Нийслэл өмнө нь дагуул хот байгуулж хүн амын төвлөрлийг задлах оролдлогууд хийж байсан ч бүтээгүй. Одоо танай байгууллага энэ ажлыг хариуцаж байгаа. Нийслэл дэргэдээ агентлаг байгуулснаар ажил нь илүү судалгаа, тооцоотой явах байх гэсэн хүлээлт бий. Тэгэхээр, өнгөрсөн хугацаанд ямар ажил амжуулав, дагуул хот, тусгай бүсүүд хаана, хаана байгуулагдах вэ гэж шууд асууя?
-Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, хүн амын төвлөрлийг сааруулах зорилгоор дагуул хотуудыг байгуулах, захиргааны зарим эрх мэдлийг алслагдсан бүсүүдэд шилжүүлэх тодорхой шийдвэрүүд гаргаж хэрэгжүүлэхийг зорьж ирсэн байдаг. Гэвч бүтэлтэй болоогүй нь тодорхой шалтгаантай.
Багануур, Налайх дүүргүүдийг дагуул хот болгож хотын захирагч нарийг томилсон шийдвэр гаргасан нь тухайн үед эрх зүйн орчин бүрдээгүйгээс болоод зогссон бол Хөшигийн хөндий, Майдар, Шинэ Зуунмод дагуул хот байгуулах ажил хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэр хангалтгүйн улмаас зогсонги байдалд орсон. Төвийн эрчим хүчний системтэй холбогдоогүй, дэд бүтэц байхгүй зэрэг хүндрэлүүд гарсан. Тиймээс манай байгууллага суурь судалгаагаа эхлүүлэхдээ одоо байгаа томоохон дэд бүтцийн уялдаа холбоо, ашиглалтын байдал, өргөжүүлэх чиглэлээр илүү анхаар ажлаа эхэлсэн.
Ингээд олон чиглэлээр судалгаа хийсний үр дүнд Буянт Ухаа /Аэро сити/, СХД-ийн 21 дүгээр хороо /Агро сити/ буюу хүмүүсийн мэддэгээр 361-ийн гарам орчим /3.61 гарам, Рашаант, Жаргалант, Аргүнт/, эдийн засгийн тусгай бүс байгуулах холбогдох тооцоо судалгааг хийж дуусгаад байна.
-Ашиглагдахгүй байгаа дэд бүтэц гэдгээ илүү тодруулахгүй юу. Нийслэлчүүдийн ихэнх нь “Хот дэд бүтцээ тултал ашиглаж байгаа” гэсэн ерөнхий ойлголттой явдаг шүү дээ?
-Ашиглалт сул, ашиглалт байхгүй дэд бүтцүүд бий. Нийслэлчүүд одоо Хөшигийн хөндий дэх нисэх онгоцны буудлыг ашигладаг. Тэгвэл Буянт-Ухаад бас бий. Буух зурвасын хувьд Буянт-Ухаагийн онгоцны буудлаас хоёр дахин их хүчин чадалтай нисэх буудал Налайхад байж байна. Багахангайн онгоцны буудал байна. Үндсэндээ Улаанбаатар хотын 0 цэгээс 120 км-ийн радиуст дөрвөн онгоцны буудал байна.
Манайханд шинэ юм барихаараа хуучнаа ашиглахаа мартдаг дутагдал байдаг. Хөшигийн хөндийд нисэх буудал барьсныхаа дараа Буянт Ухааг мартсан. Буянт Ухааг бариад Налайхыг мартчихсан. Энэ нь төсвийн хөрөнгө оруулалтыг оновчгүй болгож, ашиглагдахгүй дэд бүтцийг үүсгэдэг нь манай гол сул тал. Бид энэ сул талыг нөхөж, дагуул хот, эдийн засгийн тусгай бүсүүдийг байгуулахдаа нэгэнт хөрөнгө гаргаад барьчихсан, ашиглагдахгүй байгаа дэд бүтцээ түшиглэж, хэрэглээг нь нэмэгдүүлэх, улмаар өргөжүүлэх, уялдаа холбоог нь сайжруулах чиглэлд анхаарч ажилласан.
Буянт-Ухааг сонгоход нисэх буудал, хурдны авто зам, таван толгойн цэргийн анги руу тавигдсан мухар төмөр зам зэрэг маш олон хүчин зүйлс нөлөөлсөн гэсэн үг. Тиймээс нисэх буудлыг үндсэн зориулалтаар нь ашиглах саналаа Зам тээврийн хөгжлийн яаманд хүргүүлж, Засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр танилцуулга хийгээд байна. Удахгүй Засгийн газраар хэлэлцэж энэ асуудлууд шийдэгдээд явна гэдэгт эргэлзэхгүй байна.
-Гэхдээ дагуул хот байгуулахад нисэх буудал хангалтгүй шүү дээ?
-Тийм. Гэхдээ төлөвлөсөн байршилд бүгдэд нь өөрийн гэсэн давуу талууд бий. Буянт Ухаа төвлөрсөн эрчим хүчний системтэй маш ойр, авто болон төмөр зам, газар ихээр олгогдоогүй, Толгойт өртөөнөөс Тавантолгойн полигон руу тавигдсан төмөр замтай. Налайхад дэд бүтэц хөгжсөн, өргөтгөөд явах боломжтой.
-Ярилцлагын эхэнд та өөрөө хэлсэн, манайх өмнө нь дагуул хот байгуулах гэж оролдсон ч бүтээгүй гэж. Тэгвэл одоо бүтнэ гэдэгт нь яагаад итгэх ёстой вэ?
-Хууль эрх зүйн орчинтой холбоотой байсан. Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах анхдагч хуулийн төслийг өргөн барьж батлуулснаар энэ байдал засагдаж, нэг том боломж нээгдсэн.
Эдийн засгийн тусгай бүс бол дагуул хот байгуулах ажлын амин сүнс нь юм. Өмнө нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд "Эдийн засгийн тусгай бүсийг дагуул хот дотор л байгуулах" зохицуулалт орсон байсан. Эхлээд дагуул хотоо байгуулчихаад дараа нь хот дотроо эдийн засгийн тусгай бүс байгуулна гэсэн үг.
Дээр нь, дагуул хотыг УИХ-ын тогтоолоор, тусгай бүсийг Засгийн газрын шийдвэрээр байгуулдаг. Шинэ хуулиар нийслэлийн нутаг дэвсгэр дээр эдийн засгийн тусгай бүсийг байгуулах боломжтой болгосон. Ингэснээр нийслэлийн нутаг дэвсгэрт эдийн засгийн тусгай бүс байгуулах шаардлагатай хууль, эрх зүйн орчин бүрдэж Засгийн газрын түвшинд шийдвэр гаргаад ажил эхлэх боломж бүрдсэн.
2021 онд өмнөх удирдлагуудын санаачлан батлуулсан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асуудлаа Засгийн газарт шууд өргөн барьж шийдүүлээд явах бололцоо хангагдсан. Энэ нь Нийслэлийн засаг даргын эрх зүйн байдлыг нэмэгдүүлж, асуудлаа шуурхай шийдүүлэх боломжийг бүрдүүлж байгаа.
-Дагуул хот байгуулаад эдийн засгийн бүс байгуулах, эдийн засгийн бүс байгуулаад дагуул хот барих хоёр ямар ялгаатай вэ. Байрыг нь сольсноор ажил хурдан явна гэж дүгнэх үндэслэл юу вэ?
-Хөрөнгө оруулагчид дагуул хот гэхээсээ илүү эдийн засгийн тусгай бүсийг сонирхдог. Хөрөнгө оруулалт татах боломж нь дагуул хотоосоо илүү байдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дагуул хот байгуулах санхүүгийн эх үүсвэргүй байдал нь тусгай бүс байгуулах ажлыг гацааж байсан гэж ойлгож болно.
Дагуул хот байгуулах суурь судалгаагаа эхлүүлээд явж байхад бидэнд нэг бэрхшээл тулгарсан нь яг ний, нуугүй хэлэхэд хуулийн энэ зохицуулалт. Заавал дагуул хот байгуулж байж, тэндээ эдийн засгийн тусгай бүс байгуулах ёстой. Гэтэл бидний хувьд эхлээд эдийн засгийн тусгай бүсдээ хөрөнгө оруулалт татаад үйлдвэрлэл хөгжүүлж, ажлын байр бий болгоод, татварын болон татварын бус дэмжлэгүүдээ үзүүлж цаашид дагуул хотын чиг баримжаатай хөгжих нь илүү оновчтой, богино хугацаанд үр дүн гарах тооцоо, судалгаа хийсэн.
-Тэгэхээр, шинэ хуульд орсон, эдийн засгийн бүс, дагуул хот байгуулах ажлыг дараалалгүй болгох шийдэл танай байгууллагын хийсэн судалгаанд үндэслэж гэж ойлголоо?
-Тэгж ойлгож болно.
-Та бид хоёр хууль эрх зүйн хувьд, дагуул хот, тусгай бүс байгуулах ажлын эрэмбэ алдагдсанаас болж ажил гацдаг талаар ярилаа. Тэгвэл одоо санхүүжилт дээр ярья л даа. Аялал жуулчлалын салбарт ахиу хөрөнгө оруулж байгааг зарим нь шүүмжилдэг. Би бол аялал жуулчлалын салбарт бусдаасаа түрүүлж мөнгө олж эхлэх боломжтойг нь эхлээд санхүүжүүлж байна гэж зөвтгөж хардаг. Тэгэхээр, Нийслэлийн төсвийн зарцуулалтын хувьд, танай байгууллагын хийж байгаа дагуул хот байгуулах ажил шийдлээ хүлээж байгаа бусад олон асуудлын аль хавьцаа эрэмбэлэгдэж байгаа вэ?
-Манай Улсын экспортын нийт бүтээгдэхүүний маш бага хувь нь Нийслэлд хамаарч байгаа. Бүр нарийн тооцвол экспортын 4 хүрэхгүй хувь нь Улаанбаатар хотод ногдож байна. Нийслэл бол нийт хүн амын талаас илүү нь төвлөрсөн, дэд бүтэц бусад засаг захиргааны нэгжүүдтэй харьцуулбал хамгийн сайн хөгжсөн.
Үйлдвэрлэл буюу нэмүү өртөг шингээх үйл ажиллагаа явуулах хамгийн өндөр боломжтой газар бол ерөөсөө л дэд бүтцийн хөгжил, боловсон хүчний хүрэлцээ хамгийн өндөртэй байршил байдаг. Өөрөөр хэлбэл, нийслэл, Улаанбаатар хот бол баялаг бүтээх, нэмүү өртөг бий болгох хамгийн боломжтой газар. Зах зээл нь ч хангалттай байна. Тэгсэн мөртлөө нийт экспортын бүтээгдэхүүний маш бага хувийг гаргаж байна гэхээр экспортыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингээх тал дээр оролцоо маш бага байна гэсэн үг.
Энэ бол дагуул хот, эдийн засгийн бүсүүдийг байгуулах ажлын эрэмбийг өсгөх нэг шалтгаан мөн. Нийслэлд эдийн засгийн хөшүүрэгтэй буюу татварын таатай орчинтой тусгай бүс байгуулж, түүндээ үйлдвэрүүд байршуулж, дагуул хотуудыг төрөлжүүлж хөгжүүлэх, нийслэлчүүдэд улсынхаа хөгжилд бодитоор хувь нэмрээ оруулах боломжийг бий болгох хэрэгцээ шаардлага байна. Тиймээс төсвөөс санхүүжих төсөл хөтөлбөрүүдийг эрэмблэх юм бол дагуул хот, эдийн засгийн тусгай бүсүүд байгуулах нь нэгдүгээрт эрэмбэлэгдэх ажил мөн.
-Тэгвэл дагуул хотуудаа эрэмбэлвэл аль нь нэгдүгээрт тавигдах вэ?
-“Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого"-д 15 байршилд дагуул хот хөгжүүлэх асуудал тусгасан байдаг. Бид бүгдийг нь зэрэг санхүүжүүлэх боломжгүй. Суурь судалгаа хийгээд хамгийн ээлжинд Буянт Ухаа, дараа нь СХД-ийн 21 дүгээр хороо буюу 361-ийн гарам, Рашаант, Жаргалант тосгоны орчим, Налайх, Аргалант-Эмээлт гэсэн байршлыг хамгийн боломжтой гэж үзсэн.
Буянт-Ухаа орчим мэдээллийн технологи, инноваци, өндөр технологи шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой. Энд төмөр зам, авто зам, агаарын зам байна. Энэ давуу талыг хувийн хэвшилд хэрэгтэй, гаднын хөрөнгө оруулалт татах чадамжтай байршил болгох л хамгийн чухал.
21 дүгээр хорооны тухайд хүлэмжийн аж ахуй, далайн хүнс буюу усны аж ахуй шинээр хөгжүүлэх чиглэлээр судалганууд хийгдээд бэлэн болсон байгаа. Тус саналыг нийслэлээс Засгийн газрын түвшинд өргөн бариад энэ асуудал оны эхнээс шийдэгдээд явна гэдэгт итгэлтэй байна.
-Санхүүжилтийн загвараа яаж гаргасан бэ?
-Бид ер нь эхнээсээ “Төслүүдээ төсвийн бус эх үүсвэрээр яаж хөдөлгөх вэ” гэдэгт л хамгийн их анхаарсан. Байгуулагдсанаасаа хойш Япон, БНСУ, БНХАУ гээд гаднын хөрөнгө оруулагчидтай 200 гаруй уулзалтуудыг цахимаар болон биечилж хийсэн. Тэд хөрөнгө оруулна гэдгээ олон талаар илэрхийлж байгаа.
-Хариуд нь манайхаас ямар нөхцөл шаардаж байна?
-Шийдвэрээ гаргачих л гэж байгаа. Гол сонирхол нь дагуул хот гэхээсээ илүү эдийн засгийн тусгай бүс. Учир нь тэнд татварын болон татварын бус дэмжлэгүүд үзүүлнэ. Нийслэл Улаанбаатар хотын болон үл хөдлөх хөрөнгийн татвар авахгүй. Үйлдвэрлэл зарим төрлийн үйлчилгээ эрхлэхэд тодорхой татваруудаас чөлөөлөгдөж, хөнгөлүүлэх хууль эрх зүйн орчин нь бүрдчихсэн. Газрын төлбөр, цахилгаан дулааны төлбөрөөс чөлөөлнө гээд олон боломжууд бүрдсэн байгаа.
-Танай хийсэн суурь судалгаан дээр үндэслээд, гадны туршлагатай компани менежмент хийгээд дагуул хот, тусгай бүс бослоо гэж бодъё. Яг ямар хот байх вэ?
-Хот байгуулалт, төлөвлөлтөөр манай улс дэлхийд бараг хойноосоо №1-т жагсаж байгаа гэж хэлж болно. Эрх зүйн байдлын хувьд аваад үзсэн ч ганцхан хоттой, бусад нь сумын статустай байх жишээтэй. Тэгэхээр, хот төлөвлөлт, байгуулалт тал дээр бол манайх дэлхийд сүүл мушгиж байгаа, хамгийн муу улс. Энэ бол гашуун ч гэсэн үнэн.
Гэтэл гадаа юу болж байна гэхээр, ерөөсөө л хотын хөгжлөөрөө уралдаж байна. Ажлын байр яаж бий болгох вэ, тэр нь байгаль орчинд яаж хамгийн ээлтэй байх вэ. Яавал хүн амьдрахад хамгийн бага зардалтай мөртлөө тав тухтай байлгах вэ. Байгаль орчинтой нь яаж ойр байлгах вэ. Хүн биш, дата анализ дээр суурилсан хиймэл оюун ухаанаар хотыг удирдвал яах бол. Маш хурдтай туршилтууд явагдаж, шалгарсныг нь амьдралд нэвтрүүлээд явж байна.
Бид Тяньжин хоттой хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан. Тяньжинаас 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Монголд ирж, яг газар дээр нь ирж танилцсан. Тэдний зүгээс манай шийдвэрийг хүлээгээд байж байгаа.
-Аливаа технологийг нутагшуулахад “Хөрсөн дээр буулгах” гэж нэг ойлголт бий. Шууд хийхэд тохиромжгүй, заавал орчин нөхцөлд нь тохируулахгүй бол болдоггүй гэсэн утга илэрхийлдэг үг л дээ?
-Техник технологи хурдацтай хөгжиж байгаа энэ үед бид өнөөгийн явдлаар хөгжөөд, хот төлөвлөлт, байгуулалтаараа НҮБ-д бүртгэлтэй 200 орчим улсыг нэг, нэгээр нь гүйцнэ гэвэл бүтэхгүй! Тиймээс нэгэнт туршигдсан шилдэг шийдлийг нутагшуулах л бидний алдсан цаг хугацаагаа нөхөж авах боломж.
Бид дагуул хот, тусгай бүс байгуулна гээд одоо байгаа шигээ нэг сум байгуулж болохгүй. Тиймээс шинээр байгуулах эдийн засгийн тусгай бүсийн менежментийг тухайн төслийг хэрэгжүүлж байгаа мэргэжлийн багт хариуцуулж, төр зөвхөн хяналт тавих үүргээ авч үлдэх нь эхлүүлсэн ажлаа амжилттай үргэлжлүүлэх, дуусгаж үр дүнг нь үзэх хамгийн оновчтой хувилбар гэж хардаг. Төр оролцоод оролцоод олигтой болгоогүй, бүр зогсоосон гашуун туршлага хангалттай бий. Хотыг жаахан тэлснээс ялгаагүй юм болно. Гэтэл дэлхийн хотууд ухаалагжиж, хамгийн бага зардлаар иргэдээ хамгийн дээд зэргийн ая тухтай амьдрах бололцоо бүрдүүлэхийн тулд уралдаж байна шүү дээ. Ийм хурдацтай хөгжлийн үед төр нөхцөл шаардлага, хяналтаа л хатуу тавиад явахад хангалттай.
Бусдаар бол хууль эрх зүйн орчин, суурь судалгаа хийгдсэн. Одоо шийдвэр гаргалтыг хурдасгах л хамгийн чухал.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.21
Овоо урагшилж л байгаа юм байна. Тусгай бүсүүдээ хурдан байгуулах хэрэгтэй. Гэхдээ болж өгвөл барууны орнуудыг Солонгос, Японтой оруулж ирвэл зүгээр. Хятадтай бол нэг хангалттай.
Хариулах66.181.187.194
Бодлого ,алсын хараагүйн улмаас галзуу хүний тэмдэглэл олныг бичих ажээ. Галзуучууд бас ч үгүй хулгайч.
Хариулах