Ж.Цолмон: Хөдөөгийн шинэ сэргэлтэд сэтгэл, шинжлэх ухаан дутаж байна

Zuv.mn
14 цаг 45 минутын өмнө

Байгаль, цаг уурын өөрчлөлт, ган зудын давтамж нь мал аж ахуйн салбарт сөрөг нөлөө үзүүлэх болоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ тал дээр төрөөс тусгай бодлого гарган, зөв зохион байгуулалт хийхгүй бол иргэдийн суурь амьжиргаа болсон салбар унах аюулд тулжээ. Өнөөдөр цаг орчны аюулт үзэгдэл, зуд турхан болоход Улсын нөөцийн сангаас өвс, тэжээл тарааж, лаа шүдэнз өгөхөөс өөр аргагүй мухардаж сууна. Цагийн дөрвөн эргэлтэд хатуу хөтүүг сөрж хөдөлмөрлөдөг малчид маань мал сүргээ үрэгдүүлэх төдийгүй амь насаа ч алдах тохиолдол нэмэгдсээр байна. ШИНЭ намаас боловсруулсан Шинэ Мөнгөний бодлого хэрэгжиж эхэлснээр төгрөгийн валюттай харьцах ханш тогтвортой болох, зээлийн хүү жилийн 3 хувиас хэтрэхгүй санхүүжилтийг авдаг болсноор бэлчээрийн мал аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах дотоодын хэрэгцээгээ хангах болон экспортод гаргах, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр цогцоор нь (амьсгаанаас бусдыг ашиглаж малчид маань үр шимийг нь үзнэ) хөгжүүлэх шаардлага хэрэгжих боломжтой болно.

Мэдээж хэрэг, мал сүргээ бултаар нь эрчимжүүлж, фермерын системд шилжүүлэх шаардлагагүй. Яагаад гэхээр нүүдэлчдийн уламжлалт ахуй соёлын томоохон хэсэг нь бэлчээрийн мал ахуйг дагаж оршдог учраас энэ тал дээр тусгай бодлогоор хандах нь зүйтэй гэдгийг сануулж буй. Гагцхүү мал сүргээ бэлчээрийн болон фермерын аж ахуйг хослуулан адгуулах нь манай нөхцөлд тохирно гэдгийг ШИНЭ намын хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэд үзсэн. Энэ нь манайд цоо шинэ зүйл биш. Сүүлийн жилүүдэд фермерын аж ахуй цөөн ч атугай бууриа засаж байгаа. Төрөөс бодлого гаргаж, эрх зүйн орчинг бүрдүүлэхээр хувийн хэвшлийнхэн ч энэ салбар руу орно. Малчид ч хэсэг бүлгээрээ нэгдэн орно.

Олон зууны турш фермерын аж ахуй эрхэлсэн улс орнуудын сайн туршлагаас авч, монгол ахуй, бэлчээрийн мал аж ахуйд хэрхэн эрчимжсэн бүтцийг хослуулах тал дээр салбарын эрдэмтэн мэргэдийн санаа бодлыг уралдуулахад болно. Ингэснээр малчдынхаа хөдөлмөрийг хөнгөвчлөх, аюул эрсдлээс сэргийлэх, амьжиргааны эх үүсвэрийг хамгаалах юм. Ийнхүү эрдэмтэн мэргэдийн шинжлэх ухаанч санал бодол дээр суурилсан бодлого гарахаар фермерын аж ахуйг хэрхэн яаж босгох, цаашид яаж хөгжүүлэх, техник технологи, ажиллах хүчээ хэрхэн хувиарлах гэх мэт олон ажил ундарна. Нэгэнт бодлого гарч хууль эрх зүйн орчин бүрдсэн хөрсөн дээр аж ахуйн нэгж ч бай, малчид ч бай зохицуулаад явчих боломж бий.

Салбарын зүтгэлтнүүд болон хашир малчдын ярьж байгаагаас үзэхэд Төрөөс бодлого гарчихвал энд заавал их хүч, хөрөнгө хараад суух ажил биш. Өөрт байгаа боломжоо ашиглахад болно хэмээсэн. Тухайлбал, байгальд элбэг байх мод чулуу, хайрга, шавар, өвс ногооноос эхлээд ашиглахад хамгийн ойр дөт зүйлсийг дурдана лээ. Тэдний хэлж байгаагаар бол энэ байгалийн бүтээгдэхүүнээр хашаа хорооноос эхлээд урин цагт тэжээлээ тариалах талбай, цагийн хатууд малаа тэжээх хоёр зориулалтын байгууламж барих аж. Фермерын аж ахуйд шилжихээр хүссэн хүсээгүй өвс хадлан, тэжээлээ өөрсдөө тариалах хэрэг гарна. Энэ бүхнээ фермерүүд өөрсдөө тариалан, малынхаа тоо толгойд тохируулан нөөцлөөд үлдсэн хэсгийг нь худалдаалах боломж бий. Малдаа өвс тэжээл бэлтгэхээс гадна санхүүгийн агуулга талаасаа ч нэг боломж гарч байна гэсэн үг. Энэ бүхнийг нүцгэн гараараа амжуулах аргагүй учраас газар тариалан, мал аж ахуйн чиглэлд ашиглах туулах чадвар бүхий тэрэг техник хэрэгтэй. Үүнийг Төрөөс дэмждэггүй юм гэхэд хөнгөлөлттэй зээл тусламжаас эхлээд олон улсын байгууллагуудтай хамтрах гэх мэт арга хэмжээг зохион байгуулах гүүр болж өгөх нь чухал.

Фермерын аж ахуй эрхлэхээр малын тоо толгой, хэр хэмжээнээс хамаарч ажиллах хүч хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл ажлын орон тоо гарна. Хөдөө орон нутаг, тэр тусмаа суманд ажлын байргүй, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд цөөнгүй бий. Орон нутагт угаасаа ажлын байр хомс шүү дээ. Тэдэнтэй хамтран ажиллах боломжтой бөгөөд орон нутагт ажлын байр нэмэгдэнэ гэсэн үг. Хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлийн машин механизм эзэмших жолоочоос эхлээд малын өвс тэжээл, хадлан бордоо бэлтгэх, мал нядлах, сүү цагаан идээ боловсруулах, мал төллүүлэх гээд ажил мундахгүй. Энэ бүгд нь фермын зохион байгуулалтад орохоор тус тусдаа ажлын байр бий болно. Түүнээс өнөөдөр хатуу ширүүн уур амьсгалд 500 орчим малыг малчин ганцаараа маллаж, төллүүлж эрсдэлд ордог.

Үүнийг шинжлэх ухааны үүднээс авч үзэхэд мал аж ахуйн салбар, малчид ган зудын эрсдлээс өөрсдийгөө хамгаалаад зогсохгүй эдийн засгийн хувьд ихээхэн үр өгөөжтэй зүйл. Малаас гарах ашиг шим өсөхийн зэрэгцээ дайвар бүтээгдэхүүн болох гэдэс цувдай, толгой шийр, арьс нэхий гээд бүгд үнэд хүрнэ. Өнөөдөр эдгээр дайвар бүтээгдэхүүн нь бүгд хог хаягдал болж байгаа нь харамсалтай. Хэрвээ бодлогын дагуу малчид зохион байгуулалтад орж, фермерын аж ахуй эрхлэхээр жалгын нэг тарсан малчид тодорхой зохион байгуулалтад орно. Үүний дараа бизнес эрхлэгчид, үйлдвэр үйлчилгээний газрууд жалгын нэг тарсан малчдаас биш фермерүүдээс мал, малын мах, дайвар бүтээгдэхүүн, арьс ширээ бөөнөөр нь авахыг хичээнэ. Магадгүй фермер дагасан жижиг оврын боловсруулах үйлдвэрүүд ч бий болох бүрэн боломжтой. Үнэн хэрэгтээ малчид маань дайвар бүтээгдэхүүн, арьс ширийг хаанаа хэрхэн борлуулахаа мэдэхгүй байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нэг малчны гаднаас хоёр үхрийн шир, найман хонины цувдай авах гэж зардал чирэгдэл болж очих нэг ч бизнесмэн, аж ахуйн нэгж байхгүй. Харин малчид хэсэг бүлгээрээ зохион байгуулалтад орж, фермерын аж ахуй эрхлэхээр өөр болно. Тэд хоёр үхрийн шир бус 200 үхрийн шир бэлтгэх, найман цувдай бус 800 цувдай бэлтгэхээр захын бизнесмэн очоод авчихна.

Үүнд ихэс дээдэс маань хөдөөгийн шинэ сэргэлт гэх асар том бодлого, их хэмжээний хөрөнгө мөнгө яриад байх шаардлагагүй. Эрх зүйн орчинг нь бүрдүүлж, бодлого гаргаж өгөхөд л өөрийнхөө хөрсөн дээр өөрөө хөгжих бүрэн чадвартай юм. Гагцхүү шинжлэх ухаанчаар хандах хандлага, сэтгэл зүтгэл дутаж байна.

Ж.ЦОЛМОН /АШ-ы доктор, профессор ШИНЭ намын дэд дарга/



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.253
    2024/01/08

    Za chi dut !!!!

    Хариулах
  • 66.181.180.127
    11 цагийн өмнө

    фермерийн аж ахуй монголд ямар ч ашиг байхгүй шдээ,фермерийн мал дизелийн түлш "иддэг",монгол мал өвс иддэг гэдгийг ойлгохгүй ийм малнууд мөн ч их байхиймаа?? ?фермерийн малыг тэжээх тэжээлийг трактораар тариална,комбайнаар хураана,том оврын машинаар зөөнө,баасыг нь жижиг оврын трактораар цэвэрлэнэ,

    Хариулах