Чуулган: Гишүүд санал өгөхөө мартаж байна

Zuv.mn
2024/01/12

УИХ-ын Намрын чуулганы өнөөдрийн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдөр Цахим шилжитлтийн хүрээнд цахим гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэхтэй холбоотой 115 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж дууслаа.

Хуулийн төслүүдийг өмнө нь хэлэлцсэн тул санал хураалт өглөөнөөс эхлээд шуурхай явсан. Үүнтэй холбоотойгоор гишүүд санал асуулгадаа оролцож амжилгүй сатаарах, улмаар санал хураалтыг дахин явуулж цаг алдах тохиолдол олон гарав. Тухайлбал, Усан замын тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явах үед УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Гишүүд санал хураалтдаа оролцоорой. Б.Чойжилсүрэн, Ч.Ундрам гишүүн юм уншаад байна” гэж анхааруулж хэлсэн.

Улмаар санал хураалт батлагдсаны дараа Б.Чойжилсүрэн, Ч.Ундрам нар “Дэмжсэн санал өгсөн ч эсрэг гарчихлаа. Санал хураалтыг хүчингүйд тооцож, дахин явуулж өгнө үү” гэсэн санал гаргахад гишүүд инээлдэв. Г.Занданшатар дарга хүсэлтийг хүлээж авсан ч “Та хоёр санал хураалтдаа оролцоогүй шүү дээ. Кнопоо дараагүй. Би яг харж байсан” гэж зэмлэсэн. Дараа нь М.Оюунчимэг гишүүн мөн “Товчлуураа дарсан ч санал эсрэг гарчихлаа” гээд үр дүнг цуцалж, дахин санал хураалт явуулахыг хүсэхэд “Даанч их хойшоо хараад байсан юм” гэж баалав.  

УИХ-ын санал тоолох программ доголдсон уу, гишүүд товчлуураа даралгүй мартсанаас уу, санал хураалтыг хүчингүйд тооцох, дахин санал хураалт явуулах тохиолдол олон гарч, парламентын бүтээмжийг бууруулж байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна