ЧУУЛГАН: Элчин сайдад нэр дэвшигчдэд "Гадаадад өсөж буй хүүхдүүдийг "Монголыг нь алдуулахгүй байх" чиглэлд онцгой анхаарах"-ыг захилаа

Х.Батсайхан
2024/01/12

УИХ-ын Намрын чуулганы өнөөдрийн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Яг одоо Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон, зарим улсад суугаа Элчин сайдыг эгүүлэн татах, шинээр томилох асуудлыг хэлэлцэж байна.  

Яг одоо шинээр томилогдох Элчин сайд, Байнгын төлөөлөгч нараас УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.  

Гишүүдийн асуултууд “Томилогдвол ямар бодлого хэрэгжүүлж ажиллах вэ” гэдэг ерөнхий хүрээнд зангидагдаж байсан. Энэ асуултад БНСУ-д суух Элчин сайдаар С.Сүхболд “БНСУ-д Монголын 54,000 иргэн ажиллаж байна. Монгол Улс газрын ховор элементийг боловсруулах чиглэлээр БНСУ-тай нягт хамран ажиллахаар тохирсон, ажил хэрэг болж байгаа. Томилогдвол энэ асуудалд анхаарлаа хандуулна. Түүнчлэн, Солонгост төрж, өсөж байгаа хүүхдүүдийг монгол сургуульд хамруулах боломжийг бүрдүүлэхийг хичээнэ” гэж хариуллаа.

Гишүүн Л.Энх-Амгалан “Нэгдүгээрт, ЭСЯ-ны бүтэц, орон тоог нэмэх шаардлага байгаа юу” гэж асуугаад нэр дэвшигчид “Эрүүл мэндийн салбарын 1000 ажилтан бэлдэхээр тохирсон. Энэ тохироог хэрэгжүүлэхэд анхаараарай” гэж захисан. Түүнчлэн, Монгол Улсын бүхэл бүтэн үе гадаадад өсөж торниж байгааг анхааруулж, хэл, соёлыг нь алдуулахгүй байх асуудалд анхаарах цаг болсныг анхааруулаад, энэ асуудалд ямар бодлолго барьж байгааг асуусан.

Түүний эхний асуултад ГХЯ-ны сайд Б.Батцэцэг “Санал нэг байна. Орон тоо нэмэх шаардлагатай байгаа” гэсэн бол АБГББХ-ны дарга Н.Энхболд “Гадаад өсөж байгаа монгол хүүхдүүдэд монгол боловсрол олгох асуудалд анхаарч ажиллах шаардлагатай. Түүнээс гадна тухайн иргэд өөрсдөө бас хүүхдүүддээ монгол хэл заах, ахуй соёлоо өвлүүлэх тал дээр хичээж, анхаарах шаардлагатай” гэж хариуллаа. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна