ТТБЗ-ийн гишүүнийг чөлөөлөгдсөнөөс нь хойш зургаан жил УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ

Х.Батсайхан
2024/01/18

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан өчигдөр болж, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцжээ. 

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйл буюу нэр дэвшигчдэд тавих шаардлагад “Сүүлийн зургаан хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй” гэсэн заалтыг 2023 оны долоодугаар сарын 7-нд нэмсэн юм

Үндсэн хуулийн цэц уг заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “… УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэж үзжээ. Улмаар дээрх заалтын үйлчлэлийг өчигдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, ТТБЗ-ийн гишүүн нь сонгох, сонгогдох эрхтэй, энэ эрхээ хэзээ ч эдэлнэ гэдэг байдлаар бус, хуульд өөрчлөлт оруулахдаа хугацааны хувьд хожимдсон гэсэн агуулгаар шийджээ.  

Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сангийн хооронд тохиролцсон “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төсвийн сахилга батыг чандлан мөрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор Монгол Улсын Их Хурлаас Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг байгуулж, түүний дүрмийг баталсан байдаг. Одоо тус зөвлөлд эдийн засагч  Н.Энхбаяр, Ж.Дэлгэрсайхан, Н.Ууганбаатар, А.Энхбат, Р.Рэнцэнбазар, Л.Гангэрэл, Л.Отгонтуяа нар ажилладаг юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна