Х.Нямбаатарын томилгоо Үндсэн хууль зөрчсөн үү

Х.Батсайхан
2024/01/22

Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын шинэ захирагчийн томилгоо олон нийтийн анхаарлын төвд байна. Түүнийг хотын даргаар томилох процессыг эргээд харахад, эхлээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Удирдах зөвлөлд нэрийг нь оруулж, дараа нь НИТХ дахь МАН-ын бүлэг хаалттай хуралдсаны дараа ИТХ-аар оруулж, 78.57 хувийн саналаар томилогдсон байдаг.  

Өөрөөр хэлбэл, НИТХ дотроосоо даргаа сонгож болох байсан ч ашиглаагүй гэсэн үг. Энэ боломжийг алгассан нь НИТХ дахь МАН-ын бүлэг дотроо хагаралтай буюу ИТХ дотроосоо хүн сонгосон бол тэр нь Ерөнхий сайдын санаанд нийцэхгүй хүн байх магадлалтай бөгөөд энэ нь НИТХ дахь МАН-ын бүлэг дотроо хагаралтай байсныг харуулдаг.  

Ерөнхий сайд чухам тэрхүү “Эсрэг хүч”-ээс болгоомжилж, НИТХ-аар нэр сонсолгүй шууд Удирдах зөвлөлөөр шийдвэр  гаргуулж, НИТХ дахь бүлгээ дарамталж байгаад багцалсан байдал харагддаг. Сөрөг хүчин чухам энэ процессыг “Үндсэн хууль зөрчсөн” хэмээн ҮХЦ-д хандахаа мэдэгдээд буй.

Тэгвэл  хуульд энэ талаар юу гэж заасан байдаг вэ.

Хуулийн гаргалгааг харвал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд томилгоог “Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, түүнчлэн тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч бөгөөд Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ.

Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

- Дээд боловсролтой;

- Төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан;

- Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;

- Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;

- Ялгүй байх зэрэг болно.

Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

- Дээд боловсролтой; (Тайлбар:-Энэ заалтыг 2024 оны орон нутгийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө)

- Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;

- Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;

- Ялгүй байх зэрэг болно.

Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна. Үүнд:

- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч дээрх шаардлагыг хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана.

- Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд мөн дээрх шаардлагыг хангасан хүнийг тухайн Хуралд санал болгож болно;

Дээрх нэр дэвшүүлсэн хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлнэ. Хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр хуульчилсан.

Нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга томилно. Сум, дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга томилох ба аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд томилно.

Дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайд тухайн нэр дэвшигчийг томилохоос татгалзаж болох бөгөөд томилохоос татгалзсан тохиолдолд Хурал дээрх журмаар өөр хүний нэрийг дэвшүүлнэ. Ийнхүү нэр дэвшүүлсэн хүнийг ажлын таван өдрийн дотор тухайн шатны Засаг даргаар томилно” гэж заажээ.

Тэгэхээр, хэрвээ Х.Нямбаатарын нэрийг Ерөнхий сайд НИТХ-д оруулсан нь хууль зөрчөөгүй болох нь харагдана. Хэрвээ ингэж оруулж ирээгүй бол НИТХ-аас санал болгосон хүнийг Ерөнхий сайд томилохгүй татгалзах, энэ процесс удаан үргэлжлэх үр дагавар ч байж болохоор байсан нь харагдаж байна.

Тэгэхээр, хэрвээ Нийслэл ман, цаашлаад МАН дахь залуусын фракц хагарсан нь үнэн бол одоо ч эвлээгүй бөгөөд сөрөг хүчин энэ асуудлаар ҮХЦ хандаж байгаа нь Л.Оюун-Эрдэнийн эсрэг талынханд ашигтай үйлдэл хийж байна гэсэн үг юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.12
    2024/01/23

    Оюун-Эрдэнэ Амарбаясгалан 2 чинь хоёр талдаа хүмүүсээ хуваацан байх даа гэж харагдаад байгаам даа. Амарбаясгалан үг дуугүй мэт боловч далдуураа их хорон хүчтэй байгаа ч гэж ярьцгаах юм билээ

    Хариулах