Ээлжит бус чуулганы сураг

Х.Батсайхан
2024/02/21

УИХ-ын Намрын чуулган завсарлах үед Г.Занданшатар дарга “Энэ сарын 5, 6-нд ээлжит бус чуулган эхлүүлж, Баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэнэ гэж байсан ч чимээгүй болсон билээ. Тухайн үед спикерээс гадна гишүүд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдэд хуваарилахын тулд Баялгийн сангийн тухай хуулийг зайлшгүй батлах шаардлагатай” гэсэн ойлголт өгөхийг эрмэлзэж байсан. Гэвч чуулган завсарласны дараа Д.Амарбаясгалан сайд “Баялгийн сангийн тухай хуулийг Ээлжит бус чуулганаар хэлэлцэхгүй. Сайтар боловсруулсны дараа бэлэн болсон цагт нь УИХ-д өргөн барина” гээд чимээгүй болсон юм. 

Орон нутгаас сонгогдсон гишүүд сайн малчны тэмдгээ тараахаар яаравчилж, араас нь сар шинийн баяр залгасан. “Эрдэнэс Тавантолгой” ХК ногдол ашгийг хэл амгүй тараачихсан тул иргэд ч Ээлжит бус чуулганыг үгүйлэхээ больчихсон юм. Тэгвэл сураггүй болсон Ээлжит бус чуулганы сураг уржигдраас гараад ирлээ.

Эхлээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын нөөцөөс гаргасан өвс тэжээлийг орон нутаг руу тээвэрлэж эхлэх үеэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Гурил тэжээл, малчдын нийгмийн асуудалтай холболотой хууль тогтоомжийг УИХ-аар оруулж хэлэлцүүлнэ” гэсэн. Тэрбээр ингэж хэлэхийнхээ өмнөхөн “Хаврын хүндрэлийг давах ажлыг гурван үе шаттай зохион байгуулна. Эхний ээлжинд байгаа нөөцөө ачуулж байна. Энэ хооронд бидэнд 14 хоногийн хугацаа гарч байгаа” гэж хэлснээс үзэхүл, заавал 15-ныг хүлээлгүйгээр ирэх сарын эхээр чуулганыг ээлжит бусаар нээчих юм байна гэсэн бодол төрүүлсэн юм. 

Тэгвэл өчигдөр Ардчилсан нам мөн мэдээлэл хийж, УИХ-ын чуулганыг яаралтай зарлан хуралдуулж, тулгамдсан асуудлуудыг шийдэх шаардлага байгааг санууллаа. Тэгэхээр, УИХ ямар ч байсан хугацаанаасаа өмнө Ээлжит бусаар нээгдэх магадлал өндөр байна. Хэлэлцэх асуудлын тухайд, одоо орон нутагтаа очков цуглуулж яваа сайд, гишүүд нарын малчдаас сонсож яваа, хийх шаардлагатай ажлууд байх нь бараг тодорхой биз ээ.    



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна