Сонгуульд оролцох нам эвслүүд “сунгааны” үеэр популист амлалт өгөх нь түгээмэл үзэгдэл. Энэ жилийн тухайд, шинэ хуулиар кампани эхлээгүй байхад элдэв амлалт өгөх хориотой болсон. Гэхдээ хорио нь тавигдахтай зэрэг амлалтын үер буулгах нь тов тодорхой. Тиймээс бид өмнөх сонгуулиар аль нам юу гэж амалж байсныг сануулах зорилгоор “АМЛАЛТ-ҮЛГЭРҮҮД” хэмээх булан нээж байна. Зорилго нь, намуудын мөрийн хөтөлбөр, зорилтуудыг амьдралтай болгож, популизмын шуурганд цохиулахгүй, дөрвөн жилд нэг олдох саналаа залилуулахгүй үлдэх гэснийх юм.
Эхнийх нь, одоо МАН-д шингэж, нэр нь Улсын дээд шүүхийн бүртгэлээс хасагдсан МАХН. Эхэнд эрэмбэлсний учир нь, тус нам тухайн сонгуулийн кампангиар “амлалт өгөх уралдаан”-д тасархай тэргүүлсэн юм.
Амлалтууд
-Монголд “Жаргалын найман хот байгуулна”
-Өрх бүрийг орон сууцанд оруулна.
-Дундаж цалинг таван сая төгрөгт хүргэнэ /Генсек нь “Компанийн эзэн ашиг олоод өчүүхэн хэсгийг цалинд хуваарилдаг тогтолцоог өөрчилж энэ зорилтод хүрнэ” гэж номножээ/
-Хархоринд шинэ нийслэл барина. Шинэ нийслэлд 100 мянган айл өрх амьдрах бөгөөд энэ нь төсөөлбөл Эрдэнэт хотоос гурав дахин том хот босно гэсэн үг. /Таван сая төгрөгийн цалинд шилжих ажлыг энэ хотыг барьж байгуулах төсөл дээр хэрэгжүүлнэ гэжээ/
-Шинэ нийслэлд баригдах 100 мянган айлын орон сууцыг амьдарч, ажиллахыг хүссэн иргэдэд урьдчилгаагүй, хүүгүй лизингээр өгнө. 60 м2 байрны ипотекийн зээлийн эргэн төлөлт нь сард 50 орчим мянган төгрөг байхаар тооцсон. Орон сууцанд амьдрах хүмүүс нь барилга дээрээ өөрсдөө ажилласнаар өртөг хямд тусна.
Сонгуульд ялаагүй шалтгаан: Хэтэрхий онолдсон. Зөрчилтэй амлалтууд өгсөн. Барилга дээрээ өөрсдөө ажиллаад, барьсан барилгаа өөрсдөдөө үнэгүй өгчихөөр чинь сарын таван сая төгрөгийн цалинг хэнээс авах хэрэг вэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна