Жилд 5650 орчим иргэн зүрх судасны эмгэгийн улмаас нас барж байна

Т.Отгонсувд
2024/03/14

Манай орны хувьд өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгал, хоол боловсруулах, зүрх-судасны тогтолцооны өвчин эхний 3 байрыг эзэлж харин нас баралтын хувьд зүрх судасны эмгэгийн шалтгаант нас баралт сүүлийн 30 жилийн турш эхний байрыг эзэлсээр ирсэн. Зүрх судасны эмгэгийн шалтгаант нас баралт 1950 онд нийт нас баралтын 7.1 хувь, 1985 онд 23.4 хувь, 1995 оноос 30.8 хувийг эзэлж байсан ба 2020 оны байдлаар 36.4 хувь хүрч жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь зүрхний эмгэгийн оношилгоо эмчилгээ, хяналтын тогтолцоог сайжруулах шаардлагатайг харуулж байна.  Жилд 5650 орчим иргэн зүрх судасны эмгэгийн улмаас нас барж байна. Тэр дундаа манай улсын хүн амын гуравны нэгийг эзэлж буй 15 хүртэлх насны хүүхдийн дунд зүрхний эмгэгийн эрт илрүүлэх, оношлох, улмаар эмчилгээнд хамруулах, уг эмгэгт хүргэдэг эрсдэлийг бууруулах эрүүл мэндийн боловсрол олгох зэрэг интервенцийг цэцэрлэг, сургууль, гэр бүлд чиглүүлэн хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй байна.

 Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад жил бүр 6 нас хүрч сургуульд элсэх үед нь тухайн насны бүх хүүхдийг эрүүл мэндийн цогц үзлэг, ялангуяа зүрхний эмгэг, гажгийг эрт илрүүлэх үзлэг хамруулан хянадаг тогтолцоо бүрдүүлсэн байдаг. “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний нэгэн зорилго нь эрүүл зан үйл, бие бялдартай залуу үеийг цэцэрлэг, сургуульд суралцах хугацаанд төлөвшүүлэх юм. Энэ хүрээнд ЕБС-д элссэн 1-р ангийн сурагчдын эрүүл мэндийн ерөнхий үзүүлэлт, хүн амын өвчлөл, эндэгдлийн шалтгаан болж буй зүрхний эмгэгийн илрүүлгийг 2022 оноос эхлүүлж Архангай, Увс, Орхон аймаг, Нийслэлийн Хан-уул дүүргийн 6 настай сурагчдыг хамрууллаа. 
“ЭРҮҮЛ ЗҮРХ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 8083 ОРЧИМ ХҮҮХЭД ЗҮРХНИЙ ҮЗЛЭГТ ХАМРАГДЛАА
“Эрүүл зүрх” төслийн хүрээнд нийслэлийн Хан-уул дүүргээс 8083 орчим хүүхэд хамрагдсанаас 1030 хүүхдэд зүрхний цахилгаан бичлэг буюу нэгдүгээр шатлалын үзлэгт өөрчлөлт илэрсэн. Тэдний 15 хүүхэд нь мэс засалд цаг алдалгүй орж тусламж үйлчилгээ авсан бол одоо 20 орчим хүүхэд зүрхний мэс засалд орох шаардлагатай байна. “Эрүүл зүрх” төслийн хүрээнд үзлэгт хамтрагдсан 15 000 орчим хүүхдийн 13 хувьд нь зүрхний дамжуулалтын болон бүтцийн ямар нэг өөрчлөлт илэрчээ. Улсын хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд 78 мянган хүүхэд 1-р ангид элссэн бөгөөд тэднийг эрүүл мэнд болон зүрхний эмгэгийн эрт илрүүлэгт хамруулж тандалтын тогтолцоог улсын хэмжээд бүрдүүлэх нь “Эрүүл зүрх” төслийн зорилго юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна