“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлснээр малчдын нийгмийн баталгаа, ахуйн нөхцөл сайжирна

Х.Есү
2024/04/10

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ган, зудын давтамж нэмэгдэж байгаа нь хөдөөгийн иргэдэд хүндээр тусаж байна. Иймд гамшгийн эрсдэлийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, малчдын амьжиргааг дээшлүүлэх арга хэмжээг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлэхээр уг төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг үндэслэн нэн яаралтай горимоорхэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.

Хуулийн төслөөр мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд тэсвэртэй болгох, эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлсон. Түүнчлэн малчид амьжиргаагаа дээшлүүлэх, нийтлэг хэрэгцээгээ хангах, мал аж ахуйн бүтээгдэхүүний эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд сайн дураар хамтрах, хоршоонд нэгдэх санаачилгыг дэмжих замаар мал аж ахуйн салбарыг тогтвортой, үр ашигтай хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тусгалаа.

Энэ оны өвөлжилт, хаваржилтын  хүндрэлийн улмаас дөрөвдүгээр сарын 08-ны байдлаар улсын хэмжээнд нийт малын 9.6 хувь буюу 6.3 сая мал хорогдоод байна. Энэ нь мал аж ахуйн салбарт гамшиг тохиолдож, эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учирсныг илтгэж байна.

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлснээр малчдын нийгмийн баталгаа, ахуйн нөхцөл сайжирна

“Шинэ хоршоо-чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах, малчдыг дэмжих, ашиг орлоготой байх гарц нь эрсдэлд тэсвэртэй нүүдлийн, хагас суурин, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хоршоогоор дамжуулан эрхлэх, малчид хөдөлмөрөө хорших, хоршоог хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан хөгжүүлэхэд нь төрөөс зохистой бодлогоор дэмжих явдал гэж үзэж “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн төслийг боловсруулсан гэлээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо сайжирч, мал аж ахуйн бүтээгдэхүүний улирлын чанартай үнийн савлагаа буурч, орлого тогтворжино. Малчдын нийгмийн баталгаа, ахуйн нөхцөл сайжирна. Мал аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэл даах чадавх дээшилнэ. Байгальд ээлтэй, инновац шингэсэн, ногоон шалгуурыг хангасан, мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл хөгжинө гэж үзэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна