УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэж буй хуулийн төслүүдээс Үндэсний баялгийн сангийн тухай хууль ихээхэн анхаарал татав. Эрх баригч нам өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нам жим байснаа яг сонгуулийн өмнөхөн яаралтай горимоор хэлэлцсэн нь хачирхалтай.
Уг нь тус хуулийн төсөлд эргэж харах, тунгаан бодож, олон нийтийн санаа бодлыг тусгах шаардлагатай нэлээдгүй зүйлс байв.
Тухайлбал, “Стратегийн орд эзэмшигч нь хувьцааныхаа 20-оос дээш хувийг аль нэг этгээд дангаар болон хамаарал бүхий этгээдийн хамтаар эзэмшихгүй байх” тухай заалт. Энэ мэтээр уул уурхайн салбарыг банкны салбартай адилтган үзсэн, судалгаагүй, эдийн засгийн үндэслэлгүй ийм хайнга шийдвэр гаргаж буй нь олон эрсдэл дагуулж мэдэхээр байгаа юм.
Тодруулбал, эдийн засгийн ач холбогдол бүхий мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтаас гадна нэгдсэн бодлого, түргэн хугацаанд оновчтой шийдвэр гаргах зэрэг нь шууд нөлөө үзүүлдэг.
Гэтэл яг үүний эсрэг заалт нь стратегийн гэх тодотголтой ордуудаа гадныхны гарт алдах нөхцөл бүрдүүлж байгааг санах хэрэгтэй. Дээрх заалтаар бол мөнгөтэй л бол хэн гуай нь ч хөрөнгө оруулаад стратегийн ордын 34 хүртэлх хувийг эзэмшиж болохоор байна.
Үүний оронд стратегийн гэх тодотголтой мега төслүүдийг 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай компаниудад итгэл хүлээлгэн хэрэгжүүлэх боломжоор хангах нь төр ашиг хүртэх хамгийн зөв схем юм.
Дэлгэрүүлбэл, АМНАТ-г 100 хувь Баялгийн санд төвлөрүүлж, байгалийн баялгийн өгөөжийг ард түмэндээ тэгш хүртээх нь энэ сангийн өгөөжийг жинхэнэ утгаараа хүртэх боломж гэж салбарынхан болон эдийн засагчид үзэл бодлоо илэрхийлж байгаа.
Сонгууль хаяанд ирсэн энэ үед иргэдэд тал засах гэж байгаад Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа гол салбарынхаа хөгжлөөс чангаах шийдвэр гаргачих вий гэдгийг бодож үзэх нь алсдаа хэрэгтэй.
Бид Үндэсний баялгийн сантай болох нь хэтдээ ашигтай боловч ард түмэн сангийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтад хяналт тавьж, соргог хандах шаардлагатай.
Улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлох хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг хүлээсэн улс төрчид нь ард түмний ахуй амьдралыг өөд татах сангуудаа хуу цөлмөсөн үйл явдал шил шилээ даран ил болсныг мартаж болохгүй.
Сангийн хөрөнгийг улс төрийнхнөөс хол байлгахад анхаарах нь зүй. Үүнийг шийдэх гаргалгаа нь хяналт, удирдлагыг нь Монголбанкаар дамжуулан хэрэгжүүлж, захиран зарцуулалт, хөрөнгө оруулалтыг өндөр чадвартай мэргэшсэн менежментийн багт хариуцуулан үйл ажиллагааны ил тод, шилэн байдлыг хангах явдал юм. Олон улсад ч ийм жишиг үйлчилсээр ирсэн.
Чихэнд чимэгтэй олон сан байгуулсан ч эцэстээ сонгуулийн өмнө иргэдэд таалагдахын тулд мөнгө тараан цөлмөж, албан тушаалаа урвуулан хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх арга хэрэгсэл болгон туйлж явдаг буруу тогтолцоог халах хүч нь гагцхүү иргэдэд бий.
Тиймээс Үндэсний баялгийн сангийн тухай хуультай холбогдуулан хуульч, судлаач нарын төлөөллөөс байр суурийг нь тодрууллаа
Хуульч, улс төр судлаач О.Чулуунбилэг: Баялгийн сангийн хууль одоо байгаагаараа батлагдвал дараагийн Хөгжлийн банк л болно...
- Баялгийн сангийн хуулийг ерөнхийд нь дэмжиж байгаа. Гэхдээ нэг санаа нийлэхгүй байгаа зүйлүүд бий.
Тухайлбал, Баялгийн сангийн менежментийг “Эрдэнэс Монгол” ХК дээр хийнэ гэж байгаа нь маш буруу.
Яагаад гэвэл төр, улстөрчид Баялгийн сангийн менежментийг хийвэл дараагийн Хөгжлийн банк л болно.
Одоогийн байгаагаараа явчихвал тун удахгүй хоёр, гурван жилийн дараа дараагийн Хөгжлийн банкны луйвар, түүний шүүх хурал гэдэг юм руу л явна.
Тийм учраас мэргэжлийн санхүүгийн менежерүүдийг өндөр хөлсөөр авчирч багийг удирдуулах ёстой гэсэн байр суурьтай байна.
Хуульч О.Батхүү: Үндэсний баялгийн сангийн тухай хууль бол алдаатай хууль. 20 хувийн хязгаарлалт дээр болгоомжтой хандахгүй бол Хятадууд Монголын томоохон уурхайнуудад эзэн сууна...
- Үндэсний баялгийн сангийн тухай хууль нэлээд алдаатай хууль. Яагаад гэвэл 2019 оны ҮХНӨ-н дагуу "Байгалийн баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад" гэдэг заалт орсон. Харин манайхан хууль батлахдаа төрийн өмчит компани байгуулж, төр тухайн ордуудаас хувь эзэмшинэ гэж байгаа нь зөрчилдөж байгаа юм. Хэрвээ тийм хувь, хувьцаа авч байгаа бол тэрийгээ төр авахгүй иргэдэд өгөх ёстой. Тэгж байж Үндсэн хуулийн үзэл санаанд нийцнэ.
Хоёрдугаарт, “Стратегийн орд эзэмшигч нь хувьцааныхаа 20-оос дээш хувийг аль нэг этгээд дангаар болон хамаарал бүхий этгээдийн хамтаар эзэмшихгүй байх" гэдэг заалт дээр маш болгоомжтой хандахгүй бол Хятадууд их хэмжээгээр орж ирж, Монголын томоохон уурхайнуудад эзэн суух гээд байна.
Хятадын эдийн засаг уналттай байгаа. Асар их мөнгөтэй хүмүүс хаана хөрөнгө оруулах вэ гээд байж байхад нь "Оюу Толгой", "Тавантолгой", "Эрдэнэт"-ийнхээ хувьцааг биржээр зарахад худалдаад авчихна.
Өөрсдөө авахгүй юмаа гэхэд Монголд компани байгуулаад, эсхүл Монгол хүний нэр дээр худалдаад авчихна. Тэгэхээр 20 хувийн хязгаараа дээшлүүлэх үү, олон нийтэд санал болгож байгаа бол цаг хугацаа нь мөн үү гэдгийг эргэж харах ёстой. 20 хувийг нь Монголд компанид үлдээгээд 80 хувийг нь биржээр зарна гээд байгаа шүү дээ. Том уурхайн хувьцаа үнэтэй л байж таарна. Монголчууд авч чадахгүй шүү дээ.
УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүү: Баялгийн сангийн тухай хуулийг сайжруулах нь зөв. Хэтэрхий попорсон, гадны хөрөнгө оруулагчдыг гомдоосон, баялаг бүтээгчдээ гадуурхсан хууль баталж болохгүй...
- Баялгийн сангийн тухай хуулийг сайжруулаад батлах нь зөв. Монгол Улсын Үндсэн хуультай зарим нэг заалт нь зөрчилдөж байгаа харагдсан. Жишээ нь үндсэн хуулийн 6.2 "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн." гэх заалттай зөрчилдөж байгаа.
Түүнчлэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн зохицуулалт хангалттай биш. Зүгээр л сонгууль дөхөөд нийт ард түмэнд баялгийг нь хуваарилаад байгаа юм шиг яриад байгаа болохоос зохицуулалтаа бүрэн хийж чадаагүй харагдаж байна лээ.
20 хувийн хязгаарлалт дээр бол одоо стратегийн орд газрын 10 доошгүй хувийг биржээр арилжаална гэж заасан байдаг. Гэхдээ стратегийн гэдгийг нь яаж тодорхойлж байгаа вэ ? Нүүрс үү, зэс үү, эсхүл хэмжээ томтойг нь хэлээд байгаа юм уу тэрийг тодорхойлох ёстой.
Хоёрдугаарт байгалийн баялаг гэдгийг юу гэж нэрлээд байгаа юм. Зөвхөн лицензийн хэмжээнд яриад байгаа юу, байгаль дээр байгаа уул, ус, ургамлыг хэлээд байгаа юм уу ?
Гуравдугаарт зохицуулалтаа хийхдээ үндэслэлээ гаргаж ирэх ёстой. Ямар үндэслэлээр 10 хувь, 20 хувь гэж байгаа вэ. Энийгээ тодорхой болгохгүй бол банкны хууль шиг болно. Хэрэгжихээр хууль гаргаач ээ. Хэтэрхий попорсон, гадны хөрөнгө оруулагчдыг үргээсэн, үндэсний баялаг бүтээгчдээ гадуурхсан байдлаар хууль гаргахгүй байгаа ч ээ гэдэг байр суурьтай байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.170.66.3
арайч дээ
Хариулах