Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар нарын 17 гишүүн Малчны тухай хуулийн төслийг өнөөдөр (2024.04.19) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Малчны тухай хуулийн төслийн талаар
Мал аж ахуй нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн тулгуурын нэг бөгөөд хүн амыг гол нэрийн хүнсээр, уул уурхайн бус салбарын үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах эх үүсвэр нь болж, олон мянган өрхийн өдөр тутмын амьжиргаа, хэрэглээ тус үйлдвэрлэлээс хамааралтай байна. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 10,9 хувь, экспортын орлогын 5,6 хувийг мал аж ахуй бүрдүүлж, орон нутгийн 80,0 гаруй хувь мал аж ахуйд суурилсан эдийн засагтай, нийт ажиллах хүчний 25,5 хувь тус салбарт ажиллаж байна. Манай улсын нийт газар нутгийн 71,2 хувийг хамарсан мал аж ахуйн үйлдвэрлэлийг 246,3 мянган малтай өрх эрхэлж, үүнээс жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж буй 188,6 мянган малчин өрх байна.
Монгол малчид нь мал аж ахуйг 10.0 мянга гаруй жилийн туршид үе дамжуулан эрхэлж, хүн төрөлхтний нүүдлийн соёл иргэншил, өв соёлыг тээгчид гэж дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, улс орныхоо хязгаар нутаг, хилийг хамгаалах, монгол ухаан, эх хэл, өв соёлыг хадгалах үндсэн цөм болж байна.
Гэвч монголчуудын олон мянган жилийн туршид хуримтлуулсан бэлчээрийн мал аж ахуйн эрхлэх арвин их уламжлалт мэдлэг, түүнээс үр шимийг нь хүртэж ирсэн арга барил, туршлагад дэлхийн даяаршил, техник, технологийн дэвшил нөлөөлж, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх үзэл баримтлал, чиг хандлага өдрөөс өдөрт өөрчлөгдөх боллоо. Малчдын өнөөгийн чадамж, чадавх, орчны нөхцөл, хөгжил, экологийн тэнцвэрт байдлын алдагдал, бэлчээрийн газрын төлөв байдал, ашиглалтаас үүдэлтэй зөрчил, маргаан, малын гаралтай түүхий эдийн үнэгүйдэл зэрэг нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн хүрээнд анхаарал татсан тулгамдсан асуудлууд болж байна.
Нүүдлийн мал аж ахуйн онцлогоо хадгалж үлдэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэлхийн ба улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн өөрчлөлт болон байгаль экологи, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож эрхлэх орчин, нөхцөлийг бүрдүүлэхийг хөгжлийн шаардлага бий болгож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг, “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан эрх зүйн орчин, төрийн бодлогын хүрээнд үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг болох монгол соёл иргэншлийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн болон экологийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа малчдын нийгмийн харилцаанд оролцох эрх зүйн байдлыг тодорхой болгох, хүний эрхийн зарим баталгааг нь хуулиар хамгаалах эрх зүйн таатай орчин зайлшгүй шаардлагатай байна. Түүнчлэн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн “нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан улс орон байх” зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд манай улсын өргөн уудам нутаг, хил хязгаар болон нүүдэлчин ахуй, соёлыг үеэс үед өвлөн хадгалж, хамгаалж байгаа уугуул иргэд болох малчид, малчин өрхийн талаар төрөөс баримтлах бодлогод онцгой анхаарч, тэдгээрийн нийгмийн баталгаа, амьжиргааны нөхцөлийг сайжруулах, уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэлээ тогтвортой эрхлэх, хөгжих таатай боломжийг бүрдүүлэх эрх зүйн үндэслэл, шаардлага байна.
Дээр дурдсан хууль зүйн болон практик шаардлага нь малчдын эрх зүйн байдлыг холбогдох хуулиудтай уялдуулж, бие даасан хуулиар нарийвчлан зохицуулах хэрэгцээ, шаардлага байгааг харуулж байна. Иймд Малчны тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг боловсруулсан байна.
Хуулийн төслийн зорилго нь уламжлал, өв соёлыг хамгаалж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх малчны эрх зүйн үндсийг тодорхойлох, малчны хөгжил, бүтээмж, хариуцлагатай байдал, хамтын санаачилга, өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтыг дэмжин хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдэнэ.
Хуулийн төсөл нь 6 бүлэг 21 зүйл бүхий бүтэцтэй байна. Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, эрх зүйн хүрээнд дараах эерэг үр дүн гарна. Үүнд:
- Малчдын эрх зүйн байдлыг тодорхой болгож, нийгмийн өмнө хүлээх эрх, үүргийг тогтоож, үйлдвэрлэгч-менежер, хариуцлагатай байх, хөгжих боломжийг нээнэ.
- Монгол орны бэлчээрийн мал аж ахуй эрхлэх өвөрмөц онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, зан заншлыг хадгалах, хамгаалахад чиглэгдсэн эрх зүйн зохицуулалтын орчин бүрдэнэ.
- Мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрсдэл даах чадавхтай, үр ашигтай, тогтвортой хөгжилтэй салбар болгон хөгжүүлэх үзэл баримтлалыг хангана.
- Хариуцан ашиглах эзэн эрхийг малчдад олгох нөхцөлийг бүрдүүлснээр бэлчээрийн газрыг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, хяналт тавих үйл ажиллагааны хариуцагч эзэн тодорхой болно.
- Сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах малчдын зохион байгуулалтын тогтолцоо бүрдэнэ.
Малчдын дунд уур амьсгалын өөрчлөлт, ган, зудын сөрөг нөлөөллөөс сэргийлэх менежментийг тодорхой болгосноор м
- Малчдын залгамж халааг бэлтгэх, малчдад насан туршийн боловсрол олгох, мэдлэгжүүлэх, цахим системийг нэвтрүүлэх тогтолцоог бүрдүүлнэ.
- Малыг эдийн засгийн эргэлтэд тогтмол оруулах, ашиг шим, чанар, бүтээмжийг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхлыг бий болгоно.
- Малчдыг дэмжих үйл ажиллагааны зарчим, цар хүрээ, дэмжлэгийн хэлбэр, төрийн оролцоо, хязгаарыг тодорхой болно.
- Малчин өрхийн үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих, чанар-үнэ-урамшуулах тогтолцоог хөгжүүлж, эргэлтийг эрчимжүүлэх нөхцөлийг бүрдүүлснээр тэдгээрийн өрхийн орлого, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлнэ.
- Хөдөөд суурьшиж, уламжлалт бэлчээрийн мал аж ахуй эрхлэх малчныг урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжсэнээр хотоос хөдөө рүү шилжих урсгалыг нээж, нийслэлийн хэт төвлөрөл, замын ачаалал, агаарын бохирдлын ачаалал, сөрөг нөлөөг бууруулна.
- Хариуцлагатай малчдыг хөнгөлөлттэй зээлийн болон татварын бодлогоор дэмжсэнээр малчдын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж, чадавхжих сонирхлыг нэмэгдүүлнэ.
- Малчдын хөдөөд ая тухтай ажиллаж, амьдрах орчныг сайжруулснаар хөдөөгийн хөгжилд ахиц гарч, малчинд хүргэх нийгмийн үйлчилгээний тогтвортой байдал, эрх тэгш байх эрх хангагдана.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна