Төвийн бүсээс сонгогдсон гишүүд Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгон, Шаамар, Сүхбаатар сумын иргэдтэй уулзах үеэр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг онцлон танилцууллаа. Орон нутгийн иргэд батлагдаад удаагүй, шинэхэн хуулийн үйлчлэх хүрээ, үр өгөөжийг сонирхохоос гадна ард түмэн хуульд хэрхэн хяналт тавих тухайд хариулт хүссэн юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Үндэсний баялгийн сангийн зохион байгуулалт, бүх шийдвэрийг УИХ дээр хэлэлцэнэ гэсэн зохицуулалт уг хуулийн амин сүнс. Бид баялгийн менежментээ нээлттэйгээр хэлэлцэнэ. Хаалттай байдлаас болж улсын төсвийн хөрөнгө оруулалтаас давсан мөнгийг хэн юунд зориулж байгаа нь мэдэгдэхгүй замхаруулж ирсэн жишээг “Эрдэнэс Тавантолгой”, нүүрс тойрсон хулгайгаас харж болно. УИХ-ын гишүүд улсын төсвийн шинэ хөрөнгө оруулалт гээд жилд 200 орчим тэрбум төгрөгийн асуудал ярьдаг. Гэтэл тэнд нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг ард түмний мандат байхгүй хэдхэн хүн хаалттай шийдэж байсан. Эцэст нь хулгай нүүрлэсэн. Энэ байдлыг давтах ёсгүй гэсэн үзэл баримтлалыг гол болгосон. Норвегийн баялгийн сан гэхэд ард иргэддээ өдөр тутам мэдээлэл түгээж, хялбар аргаар хяналт тавих боломжийг хангаж өгсөн байдаг” хэмээсэн юм.
Энэ дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуульд УИХ болоод ард иргэд хяналт тавих механизмыг олон улсын жишгийн дагуу тусгаж баталсан байна. Тухайлбал, иргэд гар утсандаа тусгай аппликейшн татаж сангийн тухай цаг үеийн мэдээллийг авч, хяналт тавих зохицуулалт туссан. Мөн Баялгийн сангийн асуудлаар УИХ, Засгийн газраас гаргасан албан ёсны аливаа шийдвэр, санхүү болон үйл ажиллагааны тайлан, аудитын дүгнэлтийг батлагдсанаас хойш 10 хоногийн дотор ард түмэнд мэдээлэхээр зохицуулсан юм. Өөрөөр хэлбэл, иргэн хүсэх л юм бол байгалийн баялгийн хуваарилалт, төлөвлөлт, зарцуулалтыг хянах бүрэн боломжтой болж байна.
УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын тухайд Канад улсад байгалийн баялгийн менежмент чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалсан мэргэжлийн хүн. Тиймээс баялгийн сангийн зохион байгуулалт, үүрэг, зорилгын талаар мэргэжлийн хүрээнд санал зөвлөмж өгөхөөс гадна хяналтын асуудалд онцгойлон анхаарч ирсэн нь хуульд энэ мэт зүйл заалтуудаар биелэлээ олжээ. Уулзалтын төгсгөлд орон нутгийн иргэд баялгийн өгөөж иргэн бүрийн гэрт орсон бодитой, үр дүнтэй байгаасай хэмээн хүсч, захиж байгаагаа гишүүдэд дуулгав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна