Хууччуулаа тойрог руу "ХӨӨЖ", өөрийн хүмүүсээ жагсаалтад шигтгэх намын дарга нарын ТАКТИК

С.Гандэлгэр
2024/05/01

2024 оны УИХ-ын сонгууль хаяанд ирлээ. Энэ удаагийн сонгууль пропорциональ, мажоритар холимог тогтолцоогоор явагдах бөгөөд Бүсчилсэн хөгжлийн бодлоготой холбогдуулан тойргуудыг томсгосон. Энэ нь жижиг намууд болон шинэ нэр дэвшигчдэд ашиггүй тусаж буй. 

Зонхилох хоёр улс төрийн хүчин МАН, АН 13 тойрог 78 нэр дэвшигчээ хэрхэн зоож байгаа талаар бид мэдээлсээр байгаа. Тодорхой болж байгаа мэдээллээс үзвэл, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ч, АН-ын дарга Л.Гантөмөр ч намтар ихтэй, УИХ-ын гишүүнээр олон сонгогдсон "том" улстөрчидөө "Тойрогт дэвш" гэж шахаж байгаа аж. Томсгосон тойрог нь танигдсан улстөрчдөд илүү ашигтай байдал үүсгэж буйтай энэ нь нэг талаар холбоотой. Харин намын дарга нар баталгаатай улсын их хурлын гишүүн болох хувилбар буюу жагсаалтын эхний 20-д яг өөрсдийн гарын хүмүүсээ оруулахыг эрмэлзэж байгаа аж.  

Л.Оюун-Эрдэнэ, Лу.Гантөмөрийн аль алиных нь өрөөний үүдэнд гишүүн болох хүсэлтэй хүмүүсийн урт дараалал үүсэж байгаа гэнэ. Эхний 20-д багтаагүй улстөрч гишүүн болох магадлал бага ч пропорциональ тогтолцооны үед жагсаалтад бичигдсэн улстөрч намынхаа нэр хүндийг өсгөдөг жишгээр, сонгуулийн дараа ямар нэгэн байдлаар шан харамжаа авах нь гарцаагүй тул өөрийгөө цэвэрхэн, аятайхан гэж бодогсод намынхаа дарга нарыг идэвхийлэн тойглож байгаа ажээ.  

Танигдсан байх нь давуу тал яалт ч үгүй мөн тул дарга нарын бодлогыг ч буруутгах арга байхгүй. Гэхдээ энэ байдал нь жагсаалтыг нандигнаж, улс төрд нийгмийн анги давхаргын төлөөлөл болж шинээр орж ирж байгаа мэтээр өөрсдийн хүмүүсээ байршуулах боломжийг ч давхар олгож байгаа бололтой. Эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд одоо байгаа УИХ-ын гишүүдээ "Тойрог руугаа яв" гэсэн чиглэл өгсөн. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, үндэсний цөөнх Х.Баделхан зэрэг цөөхөн гишүүд л жагсаалтад орох магадлалтай байна. 

Сөрөг хүчний намын даргын хувьд, нөхцөл байдал нь мөн л ижилхэн тул хуучин гишүүн байсан, гишүүн байгаа томоохон улс төрчдөө тойрогт зоож байна. З.Энхболд, Х.Баттулга, С.Баярцогт нарыг жагсаалтад оруулахгүй гэдэг байр суурийг намынхаа албан тушаалтнуудтай байхдаа илэрхийлсэн гэх. Бүр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг хүртэл жагсаалтад оруулахгүй гэсэн байна. 

Ингээд харвал хоёр таамаг гарч ирнэ. 

Жагсаалтаа үнэ хүргэж зарах.

Жагсаалтын урдуур бичигдэх бол нэлээд өндөр мөнгөн дүнг төлөх ёстой гэх яриа эртнээс л яригдаж байгаа. Гурван тэрбум, дөрвөн тэрбум бүр сүүлдээ найман тэрбум хүрсэн сурагтай. Мэдээж үүнийг батлах аргагүй. Нөгөө талаар энэ нь сөргөөр нөлөөлж, намыг ялагдалд хүргэж мэдэх юм. 

Харин нөгөө таамаг нь тойрог руу хууччуул болон намын дарга нарт халгаатай улс төрчдөө явуулаад жагсаалтаа өөртөө авч үлдэх арга. Өмнөх сонгуулиудын дүнгээс харахад хоёр нам багадаа 15 суудал авна. Тэгэхээр сонгуульд ялагдсан ч өөрийнх нь эрх ашгийг хангах бүхэл бүтэн бүлэгтэй болчихно гэсэн үг.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна