Ерөнхийлөгчийн Тамгын газраас Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяраар ахлуулсан Ажлын хэсэг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т өнөөдөр ажиллалаа.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 2031 он хүртэл 100 сая мод тарьж ургуулах амлалт авсан юм.
Энэ хүрээнд хангайн бүсэд 33 сая мод, говийн бүсэд 30 сая мод, суурьшлын бүсэд 27 сая мод, хамгаалалтын зурваст 10 сая мод тарьж, ургуулах урт хугацааны төлөвлөлт хийжээ.
“Эрдэнэт-100 сая” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад анх удаа Ойн генетик нөөцийн төвийг байгуулж ашиглалтад оруулсан. Мөн Хөрсний инновац, технологийн төв, Хангайн бүсийн Мод үржүүлгийн цогцолбор, томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь уул уурхайн компаниудад том боломж бий болгосон гэдгийг Ерөнхий захирал Г.Ёндон энэ үеэр онцоллоо.
Европын Холбооноос цаашид уул уурхайн импортын бүтээгдэхүүнд ногдуулах нүүрстөрөгчийн татварын механизмыг боловсруулж байгааг дурдав.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон бусад уул уурхайн компаниуд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулснаар эдийн засгийн үр ашгаа өсгөж, экспортын орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа хэллээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш тус үйлдвэр нийт 3.4 сая модыг тарьж, 500 мянган модны тарьц үржүүлсний зэрэгцээ Хангалын голын дагуух татмын ойг нөхөн сэргээх, Байгалийн бургасан ойн плантац байгуулах ажлыг гүйцэтгэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна