Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэдтэй уулзлаа.
Бууцагаан Баянхонгор аймгийн захын сумын нэг, нийслэлээс 800 гаруй км алслагдсан ч баруун чиглэлийн Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай орох автозам сумын төвөөр дайран өнгөрдөг учраас дэд бүтэц сайтай, хол ойроос ирж очиход хүндрэл багатай.
Тус сум 3700 гаруй хүн амтай, засаг захиргааны 6 багтай. Иргэдийн дийлэнх нь мал аж ахуй эрхэлдэг бөгөөд сүү цагаан идээ тэр дундаа тэмээн тавган ааруулаараа алдартай. Тэд нутгийн брэнд тэмээн тавган ааруулаа дэлхийд гаргах том мөрөөдөлтэй явдгийг иргэд уулзалтын үеэр дуулгажээ. Энэ ажилдаа төр, засгаас дэмжлэг хүсч буйгаа ч илэрхийлсэн аж.
Түүнээс гадна Бууцагааныхан төр, засгийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийн талаар мэдээлэл сайтай нь иргэдтэй хийсэн уулзалтын үеэр асууж тодруулж байгаа зүйлээс нь төвөггүй мэдэрч болохоор.
Батлан гаргасан хууль тогтоомжийг олон нийтэд, ялангуяа орон нутагт сурталчлан таниулах тал дээр онцгой анхаарч ажиллах шаардлага байна гэв. Хуулиа сайтар сурталчилж байж хэрэгжилтийг хангуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж чадна хэмээв.
Сумын Ахмадын хорооны дарга Лхагвасүрэн орон нутгийн дэмжлэгээр Ахмадын өргөөтэй болсон, Ахмадын чуулга уулзалт хоёр ч удаа зохион байгуулжээ. Тэрбээр орон нутагт Ахмад настны хуулийг хэрэгжүүлэхгүй байгаад шүүмжлэлтэй ханддагаа хэллээ.
Үүнд Эрүүл мэндийн сайд, "Нутгийнхаа ахмадуудын төлөө сэтгэл гарган зүтгэдэг, хийж бүтээх гэсэн чин сэтгэлтэй ийм хүн орон нутагт олон. Гагцхүү тэднийг дэмжих л хэрэгтэй юм" хэмээв.
Малчин Цэцэглэн, "Махны үнэ хотод л өндөр байгаа болохоос хөдөө малчдын гар дээрээс тун ч хямдхан авч байгаа гээд мал, махаа гадагшаа гаргаж малчдынхаа орлогыг нэмэгдүүлэхэд анхаарахгүй бол махны үнэтэй холбоод малчдын нэр хүндийг унагаж байна. Малчны хөдөлмөр цаг наргүй, амралт чөлөө цаг гэж байхгүй, байгалийн араншин, малынхаа аяыг харж амьдардаг малчдад хандсан төрийн цэгцтэй зөв бодлого хэрэгтэй" гэдгийг хэлжээ.
Иргэд олон сэдвээр санал бодлоо илэрхийлсэн аж. Нүүрсний сонсгол зэргээр төрд нүүрэлсэн хулгай луйврыг таслан зогсоохын төлөө төр, засаг хангалттай ажиллаж байгаа ч хариуцлага тооцохгүй байна гэдгийг хэлсэн байна.
Хөдөөгийнхнийг эрт илрүүлэгт хамруулахад анхаарч өгөөч гэсэн хүсэлтийг тавьж, хотын эмч нарын чадвар сайн ч ачаалал л үнэхээр их болохоор хөдөөнөөс очоод хүссэн үйлчилгээгээ авахад хүндрэлтэйг ярьж байлаа.
Аймгийн нэгдсэн эмнэлэг хүнд сурталтай, тусламж үйлчилгээ авахад төвөгтэй байдаг талаар нэг биш хүн шүүмжлэв. Бүсийн оношлогоо эмчилгээний төвтэй ижил үйлчилгээ үзүүлдэг лавлагаа шатлалын томоохон эмнэлэгтэй болмоор байна гэж байв. Мөн малын индексжүүлсэн даатгалд жил бүр даатгуулдаг ч үр өгөөж нь алга, бэлчээрийн даац хэтэрлээ, яаж зохицуулах вэ гэсэн асуулт ч гарав.
Сумын Эрүүл мэндийн төв 12 ортой хэвтэн эмчлүүлэх тасагтай, өдрийн эмчилгээ, үзлэгийн өрөө тасалгаа хангалттай тохилог сайхан байртай. Түргэн тусламжийн унаа нь эвдэрснээс яаралтай дуудлаганд явах гэж хүн хүний машин царайчлахад хүрдэг байсан цаг ард үлдэж, ЭМЯ-аас өнгөрсөн гуравдугаар сард өгсөн цоо шинэ Тоёота Ланд 78 машинаараа хөдөөгийн иргэдэд тусламж үйлчилгээг төвөггүй үзүүлдэг болсондоо хэн хүнгүй баяртай байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна