“Ёс зүйгүй боловсрол илүү ухаалаг, аюултай чөтгөрийг л бий болгодог” гэдэг уг бий. Тэгвэл хиймэл оюун ухаан ч ижил, хүн төрөлхтөнд олон шинэ боломжуудыг нээж байгаатайгаа ижил, буруу зорилготнуудад мөн том зэвсэг болон очиж байна.
2023 оны гуравдугаар сарын 20-нд Британийн эрэн сурвалжлах сэтгүүлч Элиотт Хиггинс АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг цагдаа нар баривчлан авч явж буй зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн нь шуугиан тарьж, түүнээс хойш олон улсын агентлагууд сонгуулийн үеэр хиймэл оюун ухаан ашигласан хар суртал ухуулга, хуурамч мэдээлэл ашиглах магадлал өндөр байгаа талаар сануулан бичих болсон.
Хиймэл оюун ухаан бүтээгчид сонгуулийн үед улстөрчдөөр хэлээгүй үгийг нь хэлүүлж, хийгээгүй үйлдлийг нь хийлгэж, гэмт хэрэгт гүжирдэж, улс хоорондын харилцаанд ч сөргөөр нөлөөлөх хуурамч мэдээллүүд бэлтгэж цацах магадлал өндөр байгааг өөр бусад эх сурвалжууд ч урьдчилан анхааруулсаар байна.
Тэгвэл 2020 оноос улс орнуудын сонгуульд мэр сэр гарах болсон хиймэл оюун ухаан, өндөр технологи ашигласан хуурамч мэдээлэл, хар суртал ухуулга манай улсын хувьд энэ жил ихээр ашиглагдах магадлал өндөр байна. Хийцлэлийн үед ч өндөр түвшинд хүрснийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хятадаар яриулсан, Хотын дарга Х.Нямбаатарыг халтирч унагаасан бичлэгээс тод харагдсан. Энэ нь магадгүй, сонгуулиар хар суртал ухуулга ашиглахаар бэлтгэж байгаа этгээдүүд нийгмийн туршилт хийж, хариу үйлдлийг нь ажигласан ч байж болно.
Сербид явагдсан сонгуулийн үеэр барууны үзэл баримталтай намын эрх мэдэлтнүүд татвар нэмэх талаар ярьж байгаа аудио бичлэг санал хураалт болохоос хэдхэн цагийн өмнө олон нийтийн сүлжээнд тарж, үр дүнг эргүүлсэн явдал гарсан.
Тиймээс 2024 оны УИХ-ын сонгууль болоход сар гаруйхны хугацаа үлдэж буй энэ үед сонгогчдод хандан, хиймэл оюун ухаан ашигласан хар суртал ухуулгад автахгүй байхыг урьдчилан сануулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна