Сандруу сайд

Zuv.mn
2024/05/14

2024 он сонгуулийн жил. Монголчууд дөрвөн жилд ганц олддог төр барих эрхээ эдэлж, сайн ажилласныг нь улирааж, муу ажилласныг нь халах хариуцлагатай жилд Зөв.мн УИХ-ын гишүүдийг танилцуулах "76-ийн хэн нь хэн бэ" шинэ булан нээж байна. 

Монголчууд мартамхай. Бид энэ булангаараа Парламентад ард иргэдийг төлөөлж сонгогдсон төрийн түшээдийн сайныг магтаж, саарыг илчилж, мартсаныг сануулж байх болно. УИХ-ын гишүүд Парламентад орж ирэхдээ намын нэр дэвшүүлэлт, сонгогчдын санал гэсэн үндсэн хоёр “шигшүүр” дамждаг. "Хэн нь хэн бэ" булан энэ “шигшүүр”-ийн нүхийг томсгогч нь байхыг хичээх болно.

Х.Болорчулуун 2020 оны УИХ-ын сонгуулийн VII тойрог, Дорнод аймгаас 16,798 санал, 46.5 хувийн дэмжлэгээр Парламентад орж иржээ. 

Түүнийг зөвхөн намтар, ажлын замналаар нь дүгнэвэл, мэргэжил эзэмшээд тухайн мэргэжлээрээ компанийн захирлаас салбарын сайд хүртэл дэвшиж ажилласан үнэхээр төгс хүн төсөөлөгдөнө. Тэрбээр Дорнод аймгийн 10 жилийн сургуулийг төгсөөд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг агрономич мэргэжлээр төгсөөд ажлын гараагаа Дорнод аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтнээр эхэлжээ. Зах зээлийн чөлөөт өрсөлдөөнт эдийн засагт шилжсэний дараа мэргэжлийнхээ дагуу газар тариалангийн “Хишиг аж ахуй” ХХК-ийг байгуулсан. Таван жил ажиллаад “Дорнод гурил” ХХК болгон түвшин ахиулсан. Одоо уул уурхайн салбарт хийх гэж оролдоод байгаа “Олборлогчоос боловсруулах үйлдвэрлэл рүү хийх шилжилтийг мань эр газар тариалангийн салбарт аль 90-ээд онд ААН-ийн түвшинд асар богино хугацаанд хийж чадсан чадварлаг мэргэжилтэн. Улмаар 2012, 2016, 2020 УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2019-2020, 2020-2022 онд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, 2022 оноос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж буй. 

Гэхдээ арай нухацтай судлаад үзвэл 360 градус эргэнэ дээ. Тэрбээр хүнсний салбарт том ААН эзэмшдэгийн хувьд, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, ХХААХҮ-ийн сайдаар томилогдох ёсгүй байв. Сайн дураараа татгалзах боломж байсан ч ашиглаагүй. 

2012 оны сонгуульд УИХ-ын сонгуульд бие даан дэвшиж, Дорнодын нам бус иргэдийг төлөөлөн Парламентад орж ирснийхээ дараа МАН руу орсон. Сонгогчдоо үл хүндэтгэсэн ийм ёс зүйгүй үйлдлийг 2012-2016 оны Парламентын үед нэг бус улстөрч гаргасан, Х.Болорчулуун тэдний нэг нь л байсан гэдгийг энд бас хэлэх нь зүйтэй байх. 

Х.Болорчулууныг ХХААХҮ-ийн сайд болсны дараа гурилын үнэ огцом /50 орчим хувиар/ өссөн. Иргэд, олон нийт салбарын сайдад хандаж, сэтгүүлчдээр асуулт дайхад тэрбээр үнэ буулгах биш, өсгөхийг дэмжиж байв. “ОХУ-д л манайхаас хямдхан байгаа. Бусад бүх улсад үнэтэй байна” гэж хэлэх гээд ээрч муурч зогссоныг нь бүгд харсан байх. Зарим хүмүүс энэ байдлыг нь хараад шоолсон бол зарим нь өрөвдсөн. Ерөнхийдөө бол "Давхар дээл"-ээ даахгүй, сандруу яваа байдал харагдсан.

Гурилын үнэ өсөж болно оо. Гурилын үнэ нэмэгдсэн нь асуудал биш. Харин улсаас нэг ч дэмжлэггүй “Алтан тариа” үнээ нэмэхэд бусад нь дагаж нэмдэг нь асуудал юм. Мэргэжлийн байгууллагаас "Үгсэн хуйвалдаж үнэ хөөргөдсөн" гэж тогтоогдсон ААН-ийн жагсаалтад /ТББ болж зохион байгуулалтад орсон байсан/ салбарын сайд Х.Болорчулууны эзэмшдэг "Дорнод гурил" ХХК байсан. Энэ компани ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас ч зээл авсан. Өөр дэмжлэгт ч хамрагдсан билээ.

Х.Болорчулууны салбартаа хийхийг завдсан нэг гай бол хөдөө аж ахуйн биржийн ашгаар үхэр ээмэгжүүлэхийг оролдсон явдал мөн. Хөдөө аж ахуйн бирж бол тээвэрлэлт, хадгалалтын цогц систем бөгөөд бүх төрлийн агуулахууд үндсэн дэд бүтэц гэж явдаг. Бүх аймгаа агуулахжуулсан байхад ченжийн гарт байгаа нийлүүлэлтийн сүлжээ эрүүлээр ажиллана гэсэн үг. Тэр болтол чейнжийн хүслээр явна.

Тэгвэл Х.Болорчулуун үхэр ээмэгжүүлэх 13 тэрбум төгрөгөө салбарынхаа гайгүй явж байгаа төсөл хөтөлбөрүүдээс татаж босгох гэж байсан бөгөөд тэр дотор нь Хөдөө аж ахуйн биржийн ашиг болох 2.6 тэрбум төгрөг явж байв.

Хөдөө аж ахуйн бирж бол монголчуудад хамгийн хэрэгтэй байгууллага. Энэ байгууллага хүчирхэгжиж, сүлжээгээ нягтруулж байж л бид хямд мах иднэ, малчид ахиу орлого олно. Эсрэг тохиолдолд чейнжүүд хүчтэй хэвээр үлдэж, иргэд, малчид аль, аль нь хохирсон хэвээр байх юм. Тэгвэл Х.Болорчулуун тогтолцоо нь бүрдээд ирэхийн цагт “Баталгаатай үхрийн махыг өндөр үнээр авна” гэж зарлахад л малчид өөрсдөө мөнгөө гаргаад ээмэгжүүлэх ажилд биржийн мөнгийг татсанаараа чейнжийн ноёрхлыг уртасгахыг оролдсон.

Засгийн газрын хувь заяа эмзэг, УИХ-аас хараат байдалд орсон эмзэг үед Засгийн газарт “Шантаажаар орж ирсэн” гэдэг тодотгол түүнийг дагадаг. Ах, дүүсдээ олон тендер авч өгсөн “Тендерчин” ч гэдэг. Улстөрч хүний ах дүүс ч гэсэн хүн юм болохоор амьдрахын тулд аж ахуй эрхлэх хэрэгтэй болохоор энэ талаар энд бичихгүй. Харин түүний өөрийнх нь эзэмшдэг “Дорнод гурил” ХХК ЖДҮДС-гаас 2016 онд 950 сая төгрөгийн зээл авсан нь гарцаагүй үнэн.  

Өнөөдрийг хүртэл хазгай гишгэснийг нь тоолбол, өөрт ашигтай гэж үзсэнээ хийдэг хүний замаар л явсан болохоос улстөрч хүний ёс зүй, зангараг, зарчим харуулсан нь цөөн байх юм.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийг эсэргүүцэж унагахад тэрбээр гол дүрд тоглосон. Гэхдээ зүй нь, Засгийн газрын танхимын хуралдаан дээр зад эсэргүүцэж, сайдын ажлаа өгчихөөд УИХ дээр даналзах ёстой байв. Гэтэл танхимын зарчмаар ажилладаг Засгийн газраас өргөн баригдсан хуулийг сайдын хувиар эсэргүүцээгүй мөртлөө УИХ-ын гишүүний суудлаас эсэргүүцсэн нь манайхаас өөр улсад бол их л хачин харагдах үйлдэл.

УИХ-д гурав сонгогдсон хүний хувьд одоо энэ хүнээс нэмж юу гарах, ер нь нөөц бололцоо үлдсэн үү гэдэг асуудал их л бүрхэг.   



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.163
    2024/06/02

    ДЕБИЛЬ.

    Хариулах
  • 66.181.167.254
    2024/05/29

    ДЕБИЛЬ БАС ДАХИН ДЕБИЛЬ.

    Хариулах
  • 103.212.116.193
    6 цагийн өмнө

    Ард түмнээс сонгогдож, Ардын Намд урваад, ашиг сонирхлын зөрчилтэй энэ нөхрийн идэж уусан нь далай далай, балай балай. Дорнодчууд доромжлуулж дуусах болоогүй юу.

    Хариулах
  • 66.181.184.225
    2024/05/19

    Кабинетийнхээ эсрэг ярьж оноо авах санаатай энэ сайданцар хэрэггүй

    Хариулах
  • 139.5.217.189
    2024/05/15

    Бага зэргийн эерэгзүйл ч харсны гарз энэ хорчингоос. Түй, түй улстөрөөс холуур байг

    Хариулах
  • 122.201.31.175
    2024/05/15

    Манай Дорнотыхон цэрэг загнадаг Сэрэглэн энэ гурилын ченж хоёрт ёстой шээсээ савиртал хулхидуулсан даа одоо ч больёо сонгогч болгонд сая төгрөг бэлнээр тараавал саналаа өгнөө Болорчулуун чи наашаа битгий ирээрэй цаг завын гарз шүү Дорнотчууд аль эрт сонголтоо хийсэн байгаа шүү.Энэ жил манай Дорнотчууд АН г гаргачихаад азаа үзнэ Болорчулуун Сэрэглэн хоёр Баянөлгийд үзсэн нь дээр гэж бодном баяртай ацнуудаа

    Хариулах