Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг дэмжлээ

С.Гандэлгэр
2024/05/17

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2024.05.16/ хуралдаан 13 цаг 48 минутад эхэлж,  хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал нарын 38 гишүүнээс 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн хийв. Тэрбээр, Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 4 дүгээр тогтоолоор хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ц.Анандбазар, Ж.Батжаргал, Г.Мөнхцэцэг, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, ажилласныг дурдлаа.

Мөн Ажлын хэсэг  хоёр удаа хуралдаж хуулийн төслийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёолол 26, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх найман санал, төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол дэмжигдсэнтэй холбогдуулан төслийн бүтэц, нэр томьёо, хэл найруулга, дэс дараалал, зүйл, заалтын дугаар, эшлэлийг нийцүүлж өөрчлөх нэг саналын томьёоллыг хэлэлцэн дэмжсэн гэдгийг онцолсон.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун санал хэлсний дараа Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Тухайлбал, төслийн 6 дугаар зүйлд Анхдагч холбооны бүх гишүүдийн хуралтай холбогдсон энэ хуульд зааснаас бусад асуудал;” гэсэн агуулгатай 6.1.9 дэх заалт, 9 дүгээр зүйлд “нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулах, холбогдох  мэдээллээр хангах.” гэсэн агуулгатай 9.1.4 дэх заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.  

Мөн төслийн 10 дугаар зүйлд “Анхдагч холбооны гишүүн бус малчин өрх Анхдагч холбооны гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрийг ашиглах тохиолдолд нийтийн эрх ашгийг хүндэтгэн түүнийг зохистой ашиглаж, хамгаална.” гэсэн 10.5 дахь хэсэг нэмэх, цаашлаад төслийн нэрийг Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай  гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.

Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд “19.3.Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 19.3.1.бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг авч хэрэгжүүлэх; 19.3.2.бэлчээрийн даац тогтоох аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах.” гэсэн 2 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь тус дэмжлээ.

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь Засгийн газраас 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  анхны хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Наранбаатар танилцуулсан.


Тэрбээр, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Г.Ганболд, Н.Ганибал, Ц.Идэрбат, Б.Саранчимэг, Ц.Туваан, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж буйг дурдсан.

Түүнчлэн Ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн төслийн талаар 16, хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаар 12 санал боловсруулсан гэж байлаа.  

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан. Тухайлбал, төслийн 19 дүгээр зүйлд ургамал хамгаалал, хорио цээрийн мэргэжилтэй, эсхүл энэ чиглэлээр мэргэшсэн агрономичтой болохыг нотлох дипломын хуулбар, нийгмийн даатгалын лавлагаа.”  гэсэн 19.9.7 дахь хэсэг, мөн 22 дугаар зүйлд “хөнөөлт организмын эрсдэлийн шинжилгээ хийх;” гэсэн 22.2.7 дахь заалт нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

Мөн төсөлд  ургамлын хөнөөлт организмын гаралт, тархалт, олшролт, хөнөөлийн талаар тандан судалгаа, туршилт, зохион бүтээх ажил хийх, түүний үр дүнд үнэлэлт, дүгнэлт гаргах, ургамал хамгааллын бүтээгдэхүүний хор аюулын шинж чанар, түүний ургамал, ус, хөрсөн дэх үлдэгдлийг тодорхойлох, ургамлын хөнөөлт организмаас хамгаалах стандарт, технологийн заавар боловсруулах, батлах, шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хүн, хуулийн этгээдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх, ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын сургалтыг ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, хуулийн этгээдтэй хамтран зохион байгуулах зэрэг агуулгыг тусгасан эрдэм шинжилгээний байгууллагын бүрэн эрхтэй холбоотой 25 дугаар зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна