Баянзүрхийн АН-аас Г.Болормаа, Ц.Жадамбаа тэргүүтэй найман хүнийг дэмжлээ

С.Гандэлгэр
2024/05/20

2020 оны УИХ-ын сонгуулиар МАН 100 хувь ялалт байгуулж, Б.Саранчимэг, Б.Энхбаяр, Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан нар сонгогдсон. Хоёр тусдаа тойрог байсан Баянзүрх дүүрэг энэ удаад нэг тойрог болсон нь VIII тойргийн нэр дэвшигчид илүү олон хүнийг төлөөлнө гэсэн үг.

 Хамгийн олон хүн амтай, хамгийн олон сонгогчтой, өрсөлдөөн ширүүн өрнөх нь ойлгомжтой тойрог. Нэгэн цагт Ардчилсан нам засагладаг байсан "цэнхэр" БЗД богино хугацаанд МАН суурьтай дүүрэг болсон. 

УИХ-д ч, орон нутагт ч МАН засаглаж байгаагаас үүнийг харж болно. Тэгвэл энэ удаа тус дүүргийн АН-аас найман хүнийг дэмжиж, УИХ-д нэр дэвших нь зүйтэй хэмээн үзсэн байна. Тэдгээр найман нэрсийг ҮБХ-ны хурлаар эцэслэн таван хүнийг дэвшүүлэх юм. 

Доорх найман хүн дээр УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан нэмэгдэх магадлалтай байгаа бөгөөд мандат авах магадлалтай дарааллаар нь жагсаалаа. 

1. АН-ын дэд дарга Ц.Жадамбаа тойргоо ахлан сонгуульд хүч үзнэ. Түүний хувьд өнгөрсөн сонгуулиар Дорноговь аймагт нэр дэвшин өвдөг шороодсон. Уг нь өөрөө тус аймагт нэр дэвших сонирхолгүй, аймагтаа ажлаагүй байсан ч тухайн үеийн намын дарга С.Эрдэнэ түүнийг "цөлсөн" гэдэг. Ц.Жадамбаа улс төрд эрт орж, намын сонгуульт томоохон албан тушаалыг залуудаа хашиж байсан түүхтэй. Тухайлбал 2008 онд АН-ын нарийн бичгийн даргаар томилогдож, АН ялсан 2012 онд Харилцаа холбооны зохицуулах газрын даргаар томилогдсон. ТҮЦ машины аутор нь Ц.Жадамбаа гэхэд хилсдэхгүй. 

2. Г.Болормаа Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан. Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан, эрх зүйч мэргэжилтэй. Нам дотроо МоАХ суурьтай, Х.Баттулгын хүн гэгддэг.  Залуу эмэгтэйчүүдийн төлөөллийн хувьд мөн түүний дэмжлэг байгаа учраас УИХ-д дэвших магадлалтай. 

3. Т.Батцогт бол Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн. Түүний дэмжлэгээр Нийслэлийн АН-ын дарга болсон нэгэн. Дүүргийн төлөөлөгч, нийслэлийн төлөөлөгчөөр сонгогдож байсан бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуулиар З.Энхболдтой хамт нэр дэвшээд өвдөг шороодсон. Нийслэлийн намын даргын хувьд УИХ-д нэр дэвшихгүй гэх яриа улс төрийн хүрээнд явж байсан ч нэг бол жагсаалтад орох эсхүл дүүрэгтээ нэр дэвшиж магадгүй болсон талаар эх сурвалж мэдээлсэн юм. 

4. М.Тулгатын хувьд өнгөрсөн сонгуулиар БЗД-тээ нэр дэвшээд өвдөг шороодсон. Энэ сонгуулиар даагаа нэхэхээр бэлтгэлээ хангаж буй. Намын талцал хуваагдлын үеэр С.Эрдэнэ талын АН-ын даргаар сонгогдож байсан ч С.Эрдэнээс тамгаа авч чадалгүй хоцорсон. Улмаар нам нэгдсэний дараа Нийслэлийн АН-ын даргад хүч сорьсон ч том фракцуудын эрх ашигт ялагдсан түүхтэй. С.Баярцогтын тэргүүлж байгаа Grand Монгол фракцид харьяалагдаж байгаа. 

5. Мөн сэтгүүлч Ж.Баттуул энэ удаагийн УИХ-ын сонгуульд хүч сорих магадлалтай байна. Түүний хувьд саяхан АН-д, МоАХ-нд элссэн. Улмаар Ардчилсан залуучуудын холбооны Баруун бүс хариуцсан дэд Ерөнхийлөгчөөр томилогдсон байна. Мөн л МоАХ буюу Ерөнхийлөгч асан Х.Баттулгын дэмжлэгтэй байгаа. БЗД-т МоАХ хүчтэй байгаа учраас нэр дэвших өндөр магадлалтай байгаа юм. 

6. Хүний их эмч Г.Ууганцэцэг саяхан АН-д орсон. Сүүлийн үед утааны асуудлыг эрчимтэй хөндөж байгаа. Мөн хар тугалганы хор хөнөөлийг ч олон нийтэд танилцуулж байгаа нэгэн. БЗД-т нэр дэвшихээр горилж байгаа ч урьд урьдны сонгуулийн жишгийг харвал хэн нэгэн тооноор орж ирээд түүний мандатыг булаах магадлалтай. 

7. Хуульч Т.Баясгалан ч энэ удаагийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсээр байгаа. АН-ыг засаг барьж байх үед Авто тээврийн үндэсний төвийн дэд захирлаар ажиллаж байсан. Намын хуваагдлын үеэр Ц.Туваан талын АН-ын даргын сонгуульд МҮХАҮТ-ийн О.Амартүвшинг дэмжин ажиллаж байв.

8. И.Нарантуяа бол мөн л АН-ыг мандаж явахад Хүүхдийн төлөө үндэсний газрын даргаар ажиллаж байсан. Ер нь албан тушаал хашиж байхдаа олон олон асуудалд нэр холбогдож байсан "хар" түүхтэй. АН-даа С.Эрдэнийн фракцын хүн. 






Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна