Х.Нямбаатар: Д.Сумъяабазар даргыг нэр дэвшээсэй гэж бодож байна

Zuv.mn
2024/05/20

МАН-ын Бага хурал тусгаар тогтнолын ордонд эхэлж байна. Хурлын өмнө сэтгүүлчид Нийслэлийн МАН-ын даргаар сонгогдоод удаагүй байгаа Х.Нямбаатараас дараах тодруулгыг авчээ.

-МАН нэр дэвшүүлэлтдээ ямар заричм барих вэ. Жагсаалтад ямар хүмүүс бичигдэх бол?

-Би энэ хуралд Бага хурлын гишүүнийхээ хувиар оролцож байна. Жагсаалтад бичигдэх хүмүүс нэгд тухайн салыбарын мэргэшсэн мэргэжилтэн байна гэсэн шалгуур барьж байгаа. Хоёрдугаарт, насны шалгуур байгаа. Гуравдугаарт, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдоогүй байх гэсэн шалгуур баримтлахаа намын даргын зүгээс илэрхийлээд байна. Аль болох улстөрч биш, инженер техникийн ажилтнууд, хуульч, эдийн засагч мэргэжилтэй, хамгийн гол нь тухайн салбартаа ажиллаж танигдсан байх ёстой гэсэн ерөнхий шалгуур байгаа.

Тойрогт нэр дэвших улс төрчдийн тухайд, тухайн аймаг, орон нутагтаа танигдсан, судалгаагаар ялалт байгуулах боломжтой нь тогтоогдсон хүмүүс нэр дэвших болов уу.

-Таны хувьд сонгуульд нэр дэвшиж өрсөлдөх үү. Сонгинохайрхан дүүрэгт хэчнээн хүн нэр дэвших хүсэлтээ өгсөн бэ?

-Би анх Нийслэлийн засаг даргаар томилогдохдоо л УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй, бүрэн эрхийн хугацаагаа дуусгана гэж хэлж байсан. Энэ байр сууриндаа одоо ч байна. Сонгинохайрхан дүүрэг таван мандаттай. Миний хувьд өмнө нь хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. Өмнө нь бас орон нутагт сонгогдож байсан.

-Сая Нийслэлийн намын хорооны даргаар томилогдсон. Сонгуульд дөхсөн үед даргаа солих нь хэр оновчтой вэ?

-Намын дүрэмд тухайн шатны засаг дарга намын хороогоо удирдана гэсэн зарчим л яригдсан. Өөр тохироо яригдаагүй.

-Д.Сумъяабазар дарга нэр дэвших үү?

-Одоо МАН-ын Бага хурал хуралдах гэ ж байна. Энэ хурлаар УИХ-ын сонгуулийн мажоритар 78, пропорциональ 48 жагсаалтад нэр дэвших хүмүүсийг тодруулах асуудлыг хэлэлцэнэ. Нэр дэвшүүлэлт дээр намын дарга, удирдлагууд голлоно. Би хүний өмнөөс хариулж мэдэхгүй байна. Хамт зүтгэж байсан хүний хувиар Д.Сумъяабазар даргыг нэр дэвшээсэй гэдэг л бодолтой байгаа.   




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна