Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын Дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Б.Пүрэвдорж болон УИХ, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн удирдлагууд, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
1996 оноос эхлэн Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоолын дагуу энэ өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэж, 29 дэх жилдээ хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж байна.
Цагаатгалын хууль батлагдсан 1998 оноос хойших хугацаанд нийт 18,366 иргэнд нөхөх олговрыг олгосон байна. Харин 2018 онд батлагдсан Цагаатгалын нэмэлт хуулиар хэлмэгдүүлэлтийн хор уршгийг өөрийн биеэр мэдэрч, бие махбод, сэтгэл санааны хохиролд хамгийн ихээр өртсөн хэлмэгдэгч, түүний эхнэр /нөхөр/, төрсөн болон үрчилж авсан хүүхдэд 40 болон 80 сая төгрөгийн нөхөх олговор олгох ажлын хүрээнд 93 тэрбум 140 сая төгрөгийн нөхөх олговрыг 1,709 иргэнд тус тус олгожээ.
Ингэснээр нийт 20,075 иргэнд 109 тэрбум 735 сая төгрөгийн нөхөх олговрыг олгосон байна.
Түүнчлэн 2022 оноос Монголын бүх сүм хийдүүд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн улс орон даяар нэгэн зэрэг буяны ном хурах арга хэмжээг зохион байгуулах болсон. Энэ хүрээнд мөн Сонгинохайрхан уулын Зүүн бэл дэх Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, буяны ном хурлаа.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна